Ахмад настан, өндөр настны насны ялгааг хуульд заах хэрэгтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрван сар гарсаар Архангай аймагт УИХ-ын дарга, гишүүд шил дараалан ирж ажиллаж байгааг тэдний байрь суурь зөвлөмжийг төвийн болон орон нутгийн мэдээллийн хэрэгслээр хангалттай сурталчилж, харин жирийн иргэдийн дуу хоолой төдийлэн цацагдахгүй байна.
Эрдэнэбулган сумын ахмад настан А.Батсүх: Хуулийн цоорхой гэдэг ч юм уу, нийгэмд шударга бус ч гэсэн амархан засаж болохоор зүйл их байна. Жинхэнэ өвчтэй нь группт орж чадахгүй тохиолдол олон байдаг. Гэтэл, эрх бүхий эмч нарт 450000-700000 төгрөг, эсвэл идэшний үхэр өгчихөөд, хөгжлийн бэрхшээлтэй гэсэн атлаа төсвийн байгууллагад өндөр цалин аваад явж байгаа нь цөөнгүй.
Цэрэг цагдаад ажиллаж байгаад залуухнаараа тэтгэвэрт гарчихаад, төсвийн байгууллагад алба хашин цалин авч байгаа хүн захаасаа аван байна. Тэгэхлээр хүний эрхийг хүндэтгэж үзээд, сонголтоо иргэн хийгээд, аль нэг давхардсан орлогыг олгодоггүй болгомоор байна.
Хэрэв тийм хууль байдаг бол хэрэгжилтэнд нь хяналт тавьмаар юм.
Цэнхэр сумын Тамир багийн ахмад багш Б.Чулуун: Төсвийн байгууллагад насаараа ажиллаж, нийгэмд даатгуулсан шимтгэл төлсөн мөнгө бол ахмадуудын хуримтлал. Тэдэнд өөр ямар ч хөрөнгө байхгүй. Цалингаас цалингийн хооронд амьжиргаагаа залгуулж ирсэн улс. Гэтэл үүнийг хэн нэгэн “буянтан хишиг” тарааж байгаа юм шиг ойлгож болохгүй. Өндөр настан, цагдаагийн бэлтгэл ахмад н.Доржпалам: Банкнаас цалингийн, эсвэл ахмад настны тэтгэврийн зээл олгодог явдлыг хуулиар зогсоох хэрэгтэй. Банкны зээлтэй хүн сэтгэл санааны байнгын дарамтанд орж зүрх судасны өвчинд амархан нэрвэгдэнэ. Нөгөөтэйгүүр, гэр бүлийн болон ахуйн хүчирхийлэл хавтгайрсан манай улсын хувьд бүр ч хэрэггүй. Бидний үеийн олон хөгшин цалингийн зээл авах хуулийн эрхтэй болохоор төрсөн үр хүүхдүүд, ач зээ нар битгий хэл хүргэн, бэрүүд хүртэл зээл авч өгсөнгүй гээд хэрүүл үүсэх шалтгаан болдог тухай өөр хоорондоо ярилцдаг. Тэтгэврийн хэдээ авахад өндөр настан бид түүнийгээ сардаа зөв зарцуулаад байж чадна. Харин ахмад настнууд бие тэнхээ л хүрвэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжээд, амьжиргааг нь дээшлүүлэх бодлого хэрэгтэй.
Түүнчлэн ахмад настан, өндөр настны насны ялгааг хуулинд тодорхой зааглах заалт үгүйлэгдэж байна. Бодит амьдрал дээр 80 настай, 50 настай хоёрыг ахмад настан гээд байх нь тун зохимжгүй санагддаг гэж иргэд ярьж байна.
Батцэнгэл сумын Дэл багийн иргэн Н.Лхагвасүрэн: УИХ-ын гишүүд дараахь зүйлд анхаарч өгнө үү. Нэгдүгээрт, тэтгэвэр тогтоодог аргачлалыг иргэд сайн ойлгохгүй байна. Нэг дор, ижил ажлыг, адилхан хугацаанд хийсэн хоёрын тэтгэвэр өөр өөр байх юм. Нөгөөтэйгүүр, тэтгэврийн насыг уртасгах, богиносгохдоо ажлын нөхцөл байдал, тухайн хүний сонирхлыг харж хуульчилмаар байна. Төрийн захиргаа, үйлчилгээний ажилтнуудын хувьд бол тэтгэврийн насыг уртасгахад болохгүй юм байхгүй. Төмөр зам, хүнд үйлдвэр, ЖДҮ-т биеийн хүчний ажлыг хийж байгаа хөдөлмөрчдийн тэтгэвэрт гарах насыг нэмсний хэрэггүй, харин хасах хэрэгтэй. Нэмж хэлэхэд, халх монголчууд 61 насандаа тэтгэвэрт гарахыг цээрлэдэг. Энэ нь аргын тооллын 60 нас байгааг бодууштай гэж зэргээр саналаа нэмэрлэв.
Архангай аймаг Л.Булган