СҮХБААТАР: Соёлын бүтээлч сарын содон үзвэр “Чөлөөлөлт” пластик жүжиг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-11-18 12:48:37

Баруун-Урт 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар Соёлын бүтээлч сараар  мэргэжлийн байгууллагуудтай хамтран олон үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Жаахан шарга театрын уран бүтээлчид тайзнаа анхны пластик жүжгээ тавьж, нээлтийн үзвэрээ толилуулсан нь олны талархлыг хүлээлээ.


Зохиолч Марша Норманы "Тавтай нойрсоорой ээжээ" жүжгээс сэдэвлэсэн "Чөлөөлөлт" жүжгийн гол дүрийг бүжигчин Б.Сайхантуяа, Э.Ариунболд нар бүтээжээ.

 



Орон нутгийн театрууд дундах анхны пластик жүжгийн гол дүрд шинэ, залуу бүжигчин намайг сонгож, маш их итгэлийг хүлээлгэж, намайг хурцалж зоригжуулж, цоо шинэ ертөнцөд өөрийгөө сориход минь хамгийн том түлхэц болсон ерөнхий найруулагчдаа үнэхээр их баярлаж талархаж байна. Энэ жүжиг бол миний амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай бөгөөд аз жаргалтай хором мөчүүдийн минь нэг байлаа. Мөн жүжгийн анхны бэлтгэлийн өдрөөс эхлээд жүжиг дуусаж хөшиг хаах хүртэл миний хамгийн том зөвлөх минь байж, өөрийн мэдрэмж туршлагаа харамгүй хуваалцаж яг л ээж шиг минь байсан Б.Сайхантуяа багшдаа маш их баярлалаа. Энэ хүнээс маш их зүйлийг сурч, бас үлгэр дуурайлал авлаа. Миний амьдралын цоо шинэхэн нэг хуудас нээгдэж өөрийгөө цаашид илүү хөгжүүлэх, сорих боломж нээгдлээ. Тиймээс илүү их хичээж, намайг хайрласан надад итгэсэн бүхний төлөө хичээх болно гэж жүжигчин Э.Ариунболд сэтгэгдлээ хуваалцав.




Харин үзэгч М.Энэбиш, Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Жүжгийн зарим хэсэгт асгартал уйлсан. Учир нь яг л хүү бид хоёрын амьдралыг өгүүлээд ч байх шиг санагдсан. Ээжийн хайр тэр дундаа зөвхөн бие биедээ цор ганц орших ээж хүүгийн хайр агуу. Гэхдээ хайр хэтэрвэл яах вэ гэх бодол, ухаарлыг өгсөн жүжиг байлаа. Гол дүрийн жүжигчдийн уян налархай хөдөлгөөн энэ бүгдийг тод томруунаар харуулж байсан. Манай театрын бүжигчид зөвхөн гайхалтай бүжигчин биш мөн маш сайн жүжигчин гэдгийг харлаа. Түүний хайрын харц, цөхрөл гуниг, шийдэмгий байдал гээд олон гайхалтай дүр төрх нь миний сэтгэлийн утсыг хөндөж байлаа. Жүжиг эхлээд удаагүй байхад л хөлс нь гараад эхэлсэн байсан. Аргагүй дээ тэр хүнд элементүүдийг төгс гүйцэтгэлтэй хослуулан дотоод сэтгэл нүүрний хувиралаа нэг ч үг хэлэхгүйгээр үзэгчийн зүрхэнд хүргэнэ гэдэг асар хүнд хөдөлмөр, их авъяас шаардах байх. Ямартай ч амралтынхаа өдрөөр маш сайхан жүжиг үзлээ. "Жаахан шарга" театрын нийт уран бүтээлчдэдээ халуун баяр хүргэж, илүү их амжилт ерөөе гэв.


Пластик гэдэг нь үггүй жүжиг бөгөөд хөгжим болон биеийн уян налархай хөдөлгөөнөөр утга санаагаа илэрхийлдгээрээ онцлог. Цаг хугацаа, орон зай, хил хязгаар, өнгө үзэмж, хэлбэр дүрс гэх ойлголт энэ жүжигт байдаггүй.



Пластик жүжиг бол олон улсын театрын томоохон төлөөлөл, нэг урсгал юм. Тиймээс орон нутгийн уран бүтээлчид төдийгүй үзэгчид ч үүнтэй танилцаж, шинэ соёлд суралцах ёстой. Жүжгийн гол утга санаа нь нийгэм рүү чиглэсэн дэр дундаа гэр бүлийн, эцэг эх үр хүүхэд хоорондын харилцааны нийтлэг төрх түүнийг засаж залруулах арга замыг харуулахыг зорьж, логик дэс дараалалтай хөдөлгөөнүүдээр дэглэн найруулсан. Уран бүтээлчдийн болоод үзэгчдийн хандлагасэтгэл хөдлөл бүгд цоо шинэ мэдрэмж байлаа гэж театрын ерөнхий найруулагч СТА У.Эрдэнэбаяр ярилаа.


Жүжгийг дахин үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ. 

関連ニュース