СҮХБААТАР: Подвалоос төрсөн гавьяат

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-11-20 14:57:41

Баруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн төвд сүндэрлэх орон сууцны хорооллын хамгийн баруун талын байрын зоорийн давхарт нэгэн нууцлаг урлан байх нь уран зураач Ё.Бадарчийнх. 50 гаруй жил өглөөний нарнаас үдшийн бүрий болтол будаг бийрээрээ хань хийж, олон гайхалтай уран зургаа энд бүтээжээ.



Шатаар доош уруудан ороход гэрэл муутай, бүүдгэр замаар явсаар урланд хүрнэ. Хааш хаашаа 3-4 метрээс уртгүй жижигхэн өрөөний хана бүрд хагас, бүтэн зурсан олон төрлийн зураг, таталбар, будгийн хэрэгслүүд өлгөөтэй. Бүр байрныхаа ханын нэг буланг хүртэл будгийн самбар болгосон нь урлан, урлаг гэдгийг илүү тодотгоно.


Тэрбээр олон улсын зураачдын холбооны гишүүн бөгөөд арав гаруй удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, олон улсад хамтарсан үзэсгэлэнд олон удаа оролцож байжээ. Түүний энэ их авьяас билэг, тууштай хөдөлмөрийг үнэлж 2022 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан билээ.


Сэтгэл хөдлөл түүнийгээ баяжуулахыг би онгод гэж ойлгодог. Унтаж байхдаа зураг зүүдлэх тохиолдолд босож ирээд л шууд буулгадаг. Сэтгэл доторхоо, өөрийн санаа бодол, сэдвээ зургаар амьдруулах нь өөрөө онгод юм.


Уран бүтээлч хүнд урлан хамгийн чухал. Энэ орчиндоо орж байж л жинхэнэ төвлөрч, тэр хэрээр төгс бүтээл гардаг. Өдий олон жил будагтай холилдохдоо гэртээ зурж байсан удаагүй. Гэрт байхаар ор, хоол хоёроос өөр зүйл нүдэнд харагддаггүй юм. Подвал Бадарч гэхэд хүмүүс бараг андахгүй дээ. Би ч үүндээ дуртай, хэд хэдэн подвал дамжлаа. Хүн дуртай зүйлээ тултал хийгээд амжилтад хүрэхийн тулд яагаад заавал гоё сайхан өрөө тасалгаанд суух ёстой гэж. Харин ч хэний ч төсөөлөөгүй тийм орчинд жинхэнэ бүтээл төрж байдаг. Энэ подвалаас гавьяат болсон хүн шүү дээ гэж хээгүй ярих нь түүнийг энэ жижиг өрөөндөө жигтэйхэн хайртайг илтгэнэ. Тэр өдрийн ихэнх цагийг урландаа өнгөрөөдөг. Өөрийн сонгосон сэдвээрээ бас захиалгаар ч зураг зурна. Энэ сард хэд хэдэн зургийн захиалгатай, ачаалалтай байгаа гэв.



Зураг зурахад хамгийн гол техник бол гарын хөдөлгөөн. Өдгөө нас давсан ч гар, бугуйн хурд нь залуугийнх хэвээрээ. Зураачид дундаа хурдтай гэдгээрээ Ё.Бадарч гайхагддаг. Гэхдээ энэ нь нэг зургийг хурдан дуусгах гэсэн үг биш юм.


Улсын хэмжээнд Сүхбаатарын гаралтай 150 орчим зураач бий. Олон улс, тив дэлхийд танигдсан нь ч цөөнгүй. Зураач бүр өөр өөрийн гэсэн өнгө аяс, онцлогтой. Түүний бусдаас ялгарах онцлог нь өнгөний зохицол. Өөрийнх нь үндсэн арга барил, өнгөлөг, гэгээлэг байдлаар нь бусад зураач зургийг нь андахгүй танина.  


Дуудах нэр нь Ёндонгийн Бадарч хэдий ч Сүхбаатарын Бадарч гэх нэрээр олондоо дуурсагдаж яваа түүний хувьд байгаль, аж байдал, хөрөг зургаар дагнан зурдаг. Хар зураг ч бас нэг төрлийн сонирхол нь. Түүний зургаас Монгол эх орны тэр дундаа Сүхбаатар нутгийн үүх  түүх, онцлог, байгалийн гайхамшгийг харж болно.



Ардын уран зураг бол монгол үндэстний соёлын томоохон өв. Соёлын үнэт өвийг тээгч гэдэг хэн нэгнээс өвлөж авсан, сурсан цаашлаад залгамж халаагаа бэлдэх учиртай. Ё.Бадарчийн дээдсүүд дунд бурхан урлаач, эрдэмтэй маарамба цөөнгүй байжээ. Тийм ч учраас ээж нь түүнийг эмч болгоно гэдэг байж. Чиний гар энгийн гар биш, нэг шид бий гэж ээжийнх нь хэлдэг үгс биелэлээ олсон ч чагнуур биш бийр барих хувьтай байж.


Харин тэр өөрөө таван хүүхэдтэй. Гурав нь уран зурагтай холбогдох загвар зохион бүтээгчкомьпютер график, архитектурч мэргэжлийг сонгожээ. Мөн түүний зээ охин Т.Ану-Үжин зурахын зэрэгцээ монгол бичгийн уран бичлэгээр гайхалтай сайхан бичдэг. Одоо энэ чиглэлээрээ их сургуульд сурдаг аж. Бэлтгэсэн шавь нар нь ч уран зургаараа дагнан амжилттай яваа хүмүүс бий. Тиймээс өөрөөс нь хойш ардын уран зургийн гайхамшиг үргэлжилсэн хэвээр байна гэдэгт тэр бат итгэдэг. Гагцхүү уламжлалт уран зургийн онцлог, хэв шинжийг алдуулахгүйгээр орчин үеийн урлагтай хослуулж явах  нь нэн  чухал гэдгийг захиж байсан юм.

 

関連ニュース