Б.Ширмэнбаатар: Суманд ажиллаж амьдрах нь давуу тал ихтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-11-28 15:57:04

Баруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр 28 /МОНЦАМЭ/. Түмэнцогт сумын ЕБС-ийн дуу хөгжмийн багш Б.Ширмэнбаатар аймгийн хэмжээнд байгаа дуу хөгжмийн цөөхөн эрэгтэй багш нарын нэг. 2013 оноос хойш энэ нутагтаа ажиллаж амьдарч байгаа. Цаашдаа ч эндээ тогтвор суурьшилтай ажиллаж амьдарна, төв газар бараадах бодолгүй. Учир нь хөдөө орон нутагт ажиллаж амьдрах нь олон давуу талтай гэв.


Түмэнцогт сумын ЕБС 21 бүлгийн 530 сурагч, 56 багш ажилтантай. Ганц дуу хөгжмийн багш нь Б.Ширмэнбаатар. 1-9 дүгээр ангид дуу хөгжмийн хичээлээ орж, чөлөөт цагаараа дугуйлангаа хичээллүүлдэг. Ихэнхдээ үндэсний хөгжмийн дугуйлан хичээллүүлдэг бөгөөд сургуулийнхаа бүх сурагчид хөгжмийн мэдлэг олгох, цаашлаад анги бүрд үндэсний хөгжмийн хамтлаг байгуулах нь түүний туйлын хүсэл. Сургууль, сум орон нутгийн дэмжлэгээр хөгжмийн зэмсэг болоод шаардлагатай техник хэрэгслээр бүрэн хангагдсан учир ажиллахад илүү урамтай болжээ.



Суманд амьдрахад үнэхээр амгалан, тайван байдаг. Гэр бүлдээ ч, ажилдаа ч хангалттай цаг гаргаж, мөн өөрийгөө хөгжүүлж чаддаг. Зарим хүмүүс хөдөө байгаа багш нарыг хөгжиж чаддаггүй, нэг хайрцагт орчихдог гэж ойлгодог. Би бол үүний эсрэг бодолтой байдаг. Харин ч илүү их боломж бий. Нийгэм, цаг үе өөрчлөгдсөн. Цахим орчноос мэдээллээ авч, өөрийгөө хүссэнээрээ хөгжүүлэх боломжтой. Ийм ч байж чаддаг. Нийгмийн бухимдал бидэнд алга. Эрүүл цэнгэг агаарт, амар амгалан байх шиг илүү эрх чөлөө, аз жаргал гэж үгүй хэмээн Б.Ширмэнбаатар хэлсэн юм.



Түүний хувьд Эрдэнэцагаан сумын уугуул. Гэхдээ одоо түүнийг Түмэнцогтын Ширмээ багш гэдгээр нь андахгүй. Учир нь ганц багшаар зогсохгүй урлаг соёлын үйл ажиллагаанд хамт олноо, сумаа төлөөлж байнга оролцоно. Мэргэжлийн морин хуурч болохоор урилга заллага ч мундахгүй.


Тус сум 2000 гаруй хүн амтай. Бусад сумаас харьцангуй залуу ч орон сууц, барилга байгууламж олонтой, өнгө үзэмж сайтай. Магадгүй энэ нь залууст эерэгээр нөлөөлдөг байж болох юм. Ямартай ч тус сумыг зорих залуус жилээс жилд олширч байгаа аж.

 

関連ニュース