СҮХБААТАР: Сумын эмнэлэгт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-12-26 16:56:16

Баруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Түвшинширээ сумын хүн эмнэлэг 16 ортой. Гурван их эмч, зургаан сувилагчтай. Мөн эх баригч эмчтэй бөгөөд жилд 1-2 эх орон нутагтаа эсэнд мэнд амарждаг байна.

 

Амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх хоёр байранд орон нутгийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг тус хамт олон үзүүлдэг. Сум нэгдсэн халаалтад холбогдсоноор эмч ажилтнууд болон иргэд тохилог дулаан орчинд ажиллаж, хэвтэн эмчлүүлж байна.

 

Эмнэлэг өөрсдийн нөөцөөр лабораторийн тоног төхөөрөмжийг авсан ч мэргэжлийн боловсон хүчин байхгүй учир ашиглаж чадахгүй байгаа гэлээ. Тиймээс лаборант нэн шаардлагатай. Ингэснээр шээс, цусанд гэх мэт ерөнхий шинжилгээнүүдийг өөрсдөө хийх боломж бүрдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү сайжирна гэж эмнэлгийн эрхлэгч С.Өнөржаргал ярилаа.

 

Мөн эмнэлгийг нэн даруй цэвэр, бохирт холбох шаардлагатай. Учир нь ахмадууд болон эмчилгээний дэглэмтэй иргэд өдөр шөнөгүй, ялангуяа өвлийн улиралд гадагш гарах нь эмчилгээний чанарт сөргөөр нөлөөлж буйг ч учирлаж байв.

 

Эмнэлгийн нөхцөл байдалтай танилцсан аймгийн Засаг дарга М.Идэрбат боломжит байдлыг судалж, дэмжиж ажиллахаа хэлсэн. Мөн шаардлагатай боловсон хүчнээ татаад ирвэл орон нутгаас бодлогоор дэмжиж, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа хангах хөтөлбөрт хамруулж, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлнэ гэдгээ илэрхийллээ

関連ニュース