Гамшиг ослын үед хүүхдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх сургагч багш нарыг бэлдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Цэцэрлэг “Булганхангай”- хороололд Архангай аймгийн Онцгой байдлын газар, Японы хүүхдийг ивээх сантай хамтран “Хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхны тусламж, сургуулийн орчинд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Японы хүүхдийг ивээх сан нь 2016 онд хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар аймгийн малчид болон тэдний хүүхдүүдэд туслах тусламжийн төслийнхөө дараагийн шатанд “Зудад нэрвэгдсэн малчдын хүүхдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхийг бэхжүүлэх нь” - төслийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Тус төслийн хүрээнд хийсэн уг сургалтад Архангай аймгийн Өлзийт, Хангай, Цахир, Өндөр-Улаан сум, Хануй баг, Тариат сум, Мөрөн багийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, багш нар, аймгийн Онцгой байдлын газар, Гэр бүл-хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газраас 27 ажилтан албан хаагч хамрагдаж сургагч багшийн гэрчилгээ гардан авлаа.
Онцгой байдлын газрын болон Японы хүүхдийг ивээх сангийн сургагч багш нар Хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхны тусламж /САТ/, Сургуулийн орчинд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа ерөнхий сэдвийн хүрээнд 16 цагийн сургалт дадлагыг зохион байгуулахдаа аливаа гамшиг ослын үед дэмжлэг хэрэгтэй байгаа хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх, сурагч, багш нарын оролцоотойгоор сургуулийн орчны гамшгийн эрсдэлийг тодорхойлох, бууруулах, хүүхэд хамгааллын чиглэлээр сургуулийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгах талаар мэдлэг дадлага олголоо.
Мөн Японы хүүхдийг ивээх сангаас дээрх сумдын сургууль тус бүрт бүтэн жилийн эрхтэй жи-мобайлын суурин утас гардуулжээ. Сургалтад хамрагдсан сум, байгууллагуудад зөвлөмж ном, зурагт хуудас өглөө гэж сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын ахлах дэслэгч Э.Чимэдлхам илтгэлээ.
Цаашид эдгээр бэлтгэгдсэн сургагч багш нар сум орон нутгийнхаа ЕБС-ийн сурагч, багш нарт гамшгийн эрсдлийг бууруулах чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулж, Японы хүүхдийг ивээх санд төсөл бичиж шалгаруулалтад орох бөгөөд шалгарсан сумдын ЕБС-д сургуулийн орчны гамшгийн эрсдлийг бууруулахад нь хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж.
Л.Булган