АРХАНГАЙ: Цэргийн алдартнуудаа сурталчлан таниулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-19 12:25:49

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн музейд Архангай аймгаас гаралтай цэргийн алтартнуудын булан байдаг. Энэхүү алдрын хэсэгт Монгол Улсын гурван баатар Д.Нянтайсүрэн, С.Төмөрбаатар, С.Дампил нарын хөрөг бий.



Мөн Ж.Цэнд-Аюуш, О.Бизьяа, Ц.Содномдаржаа, С.Гомбосүрэн, Д.Гэндэнпил, Т.Туваанжав, Р.Гүнчин-Иш, Г.Баасанжав, Б.Цийрэгзэн, Д.Бямбацогт, Ш.Нацагдорж, П.Сүндэв, Ч.Магсар, М.Ганболд, Р.Сүхбат нарын 15 хошууч генерал, Бригадын генерал Б.Ганбаатар, Д.Ганхуяг, Ч.Сайнтөр, дэслэгч генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын маршал Г.Дэмид нарын фото зургийг байрлуулж, хүүхэд багачууд, залууст танин мэдүүлэх, сурталчлах ажлыг өрнүүлж байна.


Мөн зарим генералын эдэлж, хэрэглэж байсан зүйлсийг ч дэглэжээ.


Архангайнхан Маршал Г.Дэмид жанжнаар үргэлж бахархаж байдаг ба төв талбайгаа түүний нэрэмжит болгож, түүний хүрэл хөшөөг байрлуулж, мөнхөлсөн байдаг билээ.




Монгол Улсын Маршал Г. Дэмид (1900-1937)


Монгол Улсын анхны маршал Гэлэгдоржийн Дэмид нь1900 онд Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг Алтан тэвш гэдэг газар Гэлэгдоржийн гэрт төржээ.


Г.Дэмид 1921 онд шинэхэн үүсэж байсан ардын журамт цэрэгт сайн дураараа элсэн орж, ардын хувьсгалын ялалтыг хангах үйл хэрэгт, амь бие үл хайрлан, идэвхтэй оролцжээ. Ардын хувьсгалын партизан Г.Дэмид 1922 онд Ардын хувьсгалт цэргийн дарга нарыг бэлтгэх сургууль анх байгуулахад элсэн орж улмаар 1926-1929 онд Зөвлөлт Орос Улсын Тверийн морин цэргийн сургуульд сурчээ. 


1930 онд Монгол Ардын Хувьсгалт цэргийн зөвлөлийн тэргүүлэгч, 1932 оноос БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдын 1-р орлогч сайд, 1934-1937 онд хувьсгалт цэргийн зөвлөлийн тэргүүлэгч, Цэргийн яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар ажиллаж байв. Түүнд 1936 онд БНМАУ маршал, өрлөг жанжин цол олгожээ.


Түүнийг нас барсны дараа “П.Гэндэн, Г.Дэмидийн хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэг” хэмээх зохиомол улс төрийн хэрэгт буруутган хэлмэгдүүлсэн бөгөөд Маршал Г.Дэмидийг 1962 онд цагаатгажээ.   

関連ニュース