Клубүүдийн ДАШТ-ий шагналын сангийн хуваарилалтыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-03-27 11:54:23

ЖЕНЕВ, 2025 оны гуравдугаар сарын 27 /Xinhua/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ 2025 оны клубүүдийн ДАШТ-ий 1 тэрбум ам.долларын шагналын санг хэрхэн хуваарилах талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 


Нийт 32 баг өрсөлдөх анхны клубүүдийн ДАШТ энэ оны зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 13-нд АНУ-д болно.


ФИФА-гийн мэдэгдсэнээр, энэ тэмцээнээс 2 тэрбум долларын орлого олох төлөвтэй байгаа бөгөөд 1 тэрбум долларыг оролцогч клубүүдэд хуваарилж, 250 сая долларыг клубийн хөл бөмбөгийн дэлхийн эв нэгдлийн санд төвлөрүүлэх ажээ. 


“Клубүүдийн ДАШТ-ий хуваарилалтын загвар нь клубийн хөл бөмбөгийн оргил үеийг илэрхийлж байна. Энэ бол хэсгийн шатны долоон тоглолт ба плей-оффын шатнаас бүрдэх тус тэмцээний хувьд хамгийн том шагналын сан юм. ДАШТ-д түрүүлсэн клуб 125 сая долларын шагнал авна” гэж ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино хэллээ.


Нийт 525 сая долларыг бүх оролцогч багт хуваан олгох бол үлдсэн 475 сая долларыг тэмцээнд үзүүлсэн амжилтыг харгалзан хуваарилах ажээ. Спортын болон арилжааны шалгуур бүхий зэрэглэлийн системийн дагуу оролцогч 32 клуб харилцан адилгүй хэмжээний мөнгө авна. Тухайлбал, Европын шилдэг клубүүд зөвхөн оролцсоныхоо төлөө 38.19 сая доллар авах бол Шинэ Зеландын Окленд Сити” багт хамгийн бага буюу 3.58 сая доллар хуваарилжээ.

 





関連ニュース