Тойрог замын GAIA дуран авайг унтраажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-03-31 11:00:11

МОСКВА, 2025 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Европын сансар судлалын агентлагийн (ЕКА) GAIA сансрын дуран авай дэлхийн тойрог замд 11 жил ажилласны эцэст үйл ажиллагаа нь зогссон байна. ЕКА-гийн мэргэжилтнүүд тойрог замын тус дуран авай руу эцсийн командуудыг илгээж, “унтаа горимд” шилжүүлжээ. 


"GAIA дуран авай L2 Лагранжийн цэгээс гарч, Нарыг тойрох сүүлчийн тойрог замдаа аажмаар шилжихдээ хөдөлгүүрүүдээ сүүлчийн удаа ашиглалаа. ЕКА-гийн мэргэжилтнүүд сансрын дуран авайн бүх систем, хэрэгслийг аажмаар унтраав" гэж Европын сансар судлалын агентлагийн мэдэгдэлд дурдсан байна.


GAIA дуран авайг 2013 оны дундуур сансарт хөөргөж, Лангранжийн хоёр дахь цэг (Lagrange point-L2) нэрлэгддэг цэгт байрлуулсан юм. Энэ цэгт Дэлхий болон Нарны таталцлын хүч тэнцвэржиж байдаг. Сүүлийн 11 жилийн хугацаанд уг дуран авайгаар Сүүн зам дахь манай гарагт ойр орших хэдэн тэрбум одыг ажиглажээ. Эдгээр ажиглалтын мэдээллийг дэлхийгээс тэдгээр одод хүртэлх зайг нарийвчлан тогтоох, оддын хэмжээ, төрлийг тодорхойлоход ашигласан байна. Түүнчлэн Дэлхий Нарыг тойрч байх үед тэдгээрийн байрлал хэрхэн шилжиж байгааг тооцоолжээ. Өнгөрсөн жилүүдэд GAIA төсөлд оролцогчид хоёр тэрбум орчим оддын байршлыг нарийвчлан гаргасан хоёр каталогийг хэвлүүлснээс гадна Нарны аймгийн ойролцоох галактикуудын хэд хэдэн байршлын зургийг бүтээсэн байна. 


Сансрын аппаратын байрлалыг тогтворжуулж удирддаг хөдөлгүүрийн хийн нөөц энэ оны нэгдүгээр сард дууссан тул төслийн багийнхан ажиглалтаа зогсоож, төслийг дуусгахаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ эрдэмтэд GAIA-гийн цуглуулсан мэдээллүүдэд үргэлжлүүлэн дүн шинжилгээ хийх бөгөөд ирэх онд оддын шинэ каталог (DR4) гаргахаар төлөвлөж байна.

関連ニュース