АРХАНГАЙ: Аймгаас элссэн суралцагчдын сургалтын төлбөрийн 50 хувийг орон нутаг хариуцна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 100 жилийн ойг угтан 2023 онд зохион байгуулсан Архангай-100 Эрүүл мэндийн хөгжил форумын оролцогчдоос гарсан санаачилгын дагуу орон нутагт сувилагч, тусгай мэргэжилтэн бэлтгэх салбар сургуулийг байгуулах Засгийн газрын тогтоол гарсан.
Тус тогтоолын хүрээнд Архангай аймагт сувилахуйн сургуулийг
байгуулж, АШУҮИС-ийн харьяа Хангайн бүсийн “Сувилахуйн
сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгон
хөгжүүлэхээр болж, өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж
нар хамтран ажиллах
гэрээг үзэглэлээ.
Сувилахуйн сургалт,
эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хангайн бүсийн цогцолбор сургуулийн сургалтын хөтөлбөрийг баталж,
тодорхой тохижилт, засварын ажлыг эхлүүлээд байна. Хангайн бүсийн цогцолбор
сургууль нь 2025-2026 оны хичээлийн жилд 250 оюутныг хүлээж авахаар бэлтгэл ажлыг
хангасан ба
-Сувилагч,
- Уламжлалт анагаах
ухааны сувилагч,
- Эм найруулагч,
- Нүүр амны техникч,
- Нүүр амны эрүүл
ахуйч,
- Эмнэлзүйн
лабораторийн технологич,
- Дүрс оношилгооны
техникч зэрэг
чиглэлээр бакалаврын түвшинд мэргэжилтэн бэлтгэхээр Хангайн бүсийн аймгуудаас элсэлтээ авахаар төлөвлөжээ.
Хамтран ажиллах гэрээнд аймгийн Засаг дарга бүхий л
талаас нь дэмжин хамтран ажиллах ба Архангай аймгаас элсэн суралцагчдын төлбөрийн 50 хувийг аймаг орон нутгаас гаргахаар болсныг тус гэрээгээр баталгаажуулсан
юм. Багш нарын хувьд АШУҮИС-ийн эрдэмтэн багш нараас гадна аймгийн Нэгдсэн
эмнэлгийн 35 эмчийг багшлах эрх олгох сургалтад хамруулаад байгаа юм.
Дээрх сургууль нь зөвхөн мэргэжилтэн бэлтгэхээс гадна эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр буюу уламжлалт
анагаах ухаан, нүүр ам судлалын тусламж үйлчилгээ зэрэг эмнэлгийн үйл
ажиллагааг 5-р сарын 5-аас эхлүүлэхээр
болсон байна.
Энэхүү Цогцолбор нь
Хангайн бүсэд шаардлагатай эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх,
иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон
нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэг олон давуу талбай
юм.