АРХАНГАЙ: Цэнхэрийн халуун рашаан 65-90 градусын халуун

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-07 09:27:23

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Архангай аймагт хүний биед сайн амралт-сувиллын халуун, хүйтэн олон рашаан бий. Энэ удаад Цэнхэрийн халуун рашааныг танилцуулж байна.


Цэнхэрийн халуун рашаанаас чихрийн шижин өвчтэй хүн бага тунгаар уувал сайн нөлөөтэй.


Цэнхэр сумын нутагт Цэнхэрийн халуун усны рашаан байдаг ба Цэцэрлэг хотын төвөөс урд зүгт 25 км зайд далайн түвшнээс дээш 1860 метр өндөрт оршдог. Рашаан нь их гүнийх бөгөөд дөрөвдөгч галвын хурдас их боловч хөрсний устай холилдохгүй гардаг. Рашааны температур нь 65-90 градусын халуун бөгөөд Монголдоо халуунаараа 2 дугаарт ордог.


Цэнхэрийн халуун рашааны чанар нь ердийн шүлтлэг бөгөөд газрын гүнээс 86 градусын халуунаар 1 секундэд 10 л орчим ундран гардаг.


Энэ рашаанд хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулагддаг учраас хуян, мэдрэлийн судас үрэвсэх, булчингийн өвчин, үе мөчний өвчин, зөөлөн эдийн гэмтэл, цус багадалт, эмчилгээний дараах эрүүл мэнд сэргээхэд, ядаргаа, архаг арьсны өвчин, ил шарх, чихрийн шижин өвчтэй хүн бага тунгаар уувал сайн нөлөөтэй. Бага тунгаар уух, рашаанд тодорхой хугацаагаар орж, гам барих аргуудаар эмчилдэг байна.


Цэнхэрийн халуун рашаан байгаа тус бүс нутаг нь Хангайн нурууны салбар уулсад хамаарах ба ойр орчинд нь Борт тал, Гялгар, Цагаан сүм гэх мэт халуун рашааны ундаргууд бий.


Рашааны орчинд “Дуут ресорт” /98981499, 99112499/, “Шивээт манхан” /99184232/, “Хангай ресорт” /99001645/, “Эко цэнхэр” /88111490/ гэх мэт үнийн хувьд харилцан адилгүй хэд хэдэн жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулж байна.   

関連ニュース