АРХАНГАЙ: Худалдаа эрхлэгчид электрон тамхигүй аймаг болох уриалгад нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-07 10:44:51

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/.  Худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, бизнес эрхлэгчдийг хамруулан "Электрон тамхинаас татгалзаж, ирээдүйгээ хамгаалцгаая" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

 

Хүүхдүүдийг хорт зуршилд автахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, электрон тамхины хор уршгаас урьдчилан сэргийлэх, бизнесийн салбар дахь хүүхэд хамгааллын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, эрүүл ирээдүйг бий болгох зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжүүдүүдийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд электрон тамхи худалдахгүй байхыг уриалж, холбогдох байгууллагууд мэдээлэл өгсөн юм.

 

Аймгийн төв Эрдэнэбулган суманд тамхины тусгай зөвшөөрөлтэй 80 гаруй худалдааны газар байгаагаас электрон тамхи худалддаг 30 гаруй газрын эздийг энэхүү уулзалт хэлэлцүүлэгт урьж, оролцуулсан байна.

 

Уулзалтын үр дүнд Ануд, Тэрх, Тансаг, өгөөж, Аз, Дэлгэрбулаг, ХАСУ нийтийн худалдааны төвийн биенэс эрхлэгчид гээд 25 хүн энэ уриалгад нэгдэж, гарын үсэг зурсан байна. Үргэлжлүүлээд бусад худалдааны газар, дэлгүүрийг энэ уриалгад нэгдэхийг уриалж, гарын үзэг зуруулах юм.  

 

Энэ уриалгад нэгдсэн худалдааны бизнес эрхлэгчид электрон тамхины борлуулалтаа багасгах, цаашлаад бүр худалдахгүй, татан авалтыг хийхгүй байх зарчимтай.

 

Хүүхэд, залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Эрдэнэбулган сумын өсвөр насны 12-18 насны 400 гаруй хүүхдээс утаат болон электрон тамхины хэрэглээний тандалт судалгааг авахад 120 гаруй нь хэрэглэдэг, хэрэглэж үзсэн гэжээ.

 

Энэхүү үйл ажиллагааг Хүүхэд хамгааллын тухай хууль, аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/199 дүгээр захирамж, хүүхдийн эрх ба бизнесийн зарчмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-аас Эрдэнэбулган сумын ЗДТГ, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран зохион байгуулжээ.

関連ニュース