Ираны зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /DW/. АНУ Иран улс руу довтлох вий гэсэн болгоомжлол үүсээд буй энэ үед Ираны дээд удирдагч аятолла Али Хаменей зэвсэгт хүчнээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн тухай тус улсын өндөр албан тушаалтан ням гарагт Ройтерс агентлагт мэдэгджээ.
Ираны эрх баригчид мөн Бахрейн, Ирак, Катар, Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Турк зэрэг хөрш орнуудад захидал илгээж, АНУ-ын довтолгоонд үзүүлэх аливаа дэмжлэгийг Ираны эсрэг дайсагнасан үйлдэл гэж үзэхээ мэдэгдээд, хэрэв дэмжлэг үзүүлбэл “хатуу арга хэмжээ авна” гэдгийг анхааруулсан байна.
Үүний сацуу шууд хэлэлцээ хийх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саналаас татгалзаад байсан Али Хаменей Оман улсын зуучлалаар дамжуулан шууд бус хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Хэрэв АНУ-ын тал энэ саналыг зөвшөөрвөл ийм хэлэлцээг удахгүй эхлүүлж магадгүй гэж эх сурвалж хэлжээ.
Цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар хэлэлцээ хийхийг санал болгосон захидлыг Д.Трамп гуравдугаар сарын эхээр Ираны дээд удирдагч аятолла Али Хаменейд илгээсэн юм. Хэрэв Ираны эрх баригчид хэлэлцээ хийхийг зөвшөөрөхгүй бол тус улсыг бөмбөгдөнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлсэн байна.