ХОВД: Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар зөвлөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-07 17:15:42

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр "Аялал жуулчлал-хамтын хөгжил" сэдэвт зөвлөгөөн боллоо.   


Зөвлөгөөний зорилго нь байгалийн болон соёлын аялал жуулчлалыг нутгийн иргэдэд түшиглэн хөгжүүлэх бодлого төлөвлөлтийг бий болгох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж байв. 

 

Тус зөвлөгөөнд орон нутгийн удирдлагууд болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл, соёл, аялал жуулчлалын салбар байгууллагын төлөөллүүд оролцлоо. 


Сүүлийн жилүүдэд Ховд аймгийг зорин ирэх аялагч, жуулчдын тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн онд 45 мянган гадаад, дотоодын аялагч ирсэн гэх судалгаа гарчээ. Энэ нь өмнөх оноосоо 27.57 хувиар өссөн үзүүлэлт юм.


Аялагчид Ховд аймгийн үзэсгэлэнт газрууд болон “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр, “Цайны зам” өв соёлын наадам зэргийг үзэж сонирхох нь нэмэгдэж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагын төлөөллүүд танилцууллаа. 


"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвар дээшилсэн байна” гэж тусгасан. Мөн Ховд аймгийн Засаг даргын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт ”Байгалийн болон соёлын аялал жуулчлалыг нутгийн иргэдэд түшиглэн хөгжүүлэх цогц төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэж заасан. Үүнтэй холбогдуулан дээрх зөвлөгөөнийг зохион байгуулсан юм.  

Зөвлөгөөний үр дүнд аялал жуулчлалын хөгжлийг дэмжих бодлогын шийдлийг тодорхойлж, хамтын ажиллагааны боломжууд нээгдэх ач холбогдолтой.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Ховд аймгийн ЗДТГ, тус аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Аялал жуулчлалын холбоо энэ удаагийн зөвлөгөөнийг зохион байгуулахад хамтран ажиллав. 
 


関連ニュース