СҮХБААТАР: Говь-Алтай аймгаас туршлага судлахаар иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн засаг даргын орлогч М.Алтангэрэлээр ахлуулсан баг Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаа болон аймаг орон нутагт хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж туршлага судлахаар иржээ.
Туршлага судлах багт Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Н.Золжаргал, Есөнбулаг сумын ИТХ-ын дарга Ц.Бат-Орших, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ж.Мянганбаяр болон холбогдох мэргэжилтнүүд багтжээ.
Сүхбаатар аймгийн төв тойрог хэлбэрээр хөгжиж байгаа. Таван тойрог зам нь бүрэн хатуу хучилттай замаар холбогдсон. Үүнийгээ дагаад бусад төлөвлөлт, газар зохион байгуулалтууд хийж байгаа нь онцлог байгааг тэд онцоллоо. Мөн эко хорооллыг байгуулах замаар инженерийн шугам сүлжээний асуудлаа шийдвэрлэсэн нь Говь-Алтай аймагт хэрэгжүүлэх боломжтойг хэлж байв.
Мөн Баруун-Уртын цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, усан бассейн, спорт цогцолбор
зэрэг иргэд рүүгээ чиглэсэн бүтээн байгуулалтуудтай цэгцтэй, цэвэрхэн аймаг болохыг сайшааж байлаа .