Өсвөр үеийн бадминтоны УАШТ-д Архангай аймгийн тамирчид тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-11 17:56:33

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Бадминтоны өсвөр үеийн УАШТ-ийг 11 жилийн дараа буюу хоёр дахь удаагаа аймгийн АРА арена спортын ордонд энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгууллаа. 19 багийн 421 тамирчин ганцаарчилсан болон хосын төрлүүдэд 41 багц медалийн төлөө өрсөлдсөн байна.


Тэмцээнд Архангай аймгийн 104 тамирчин оролцсоноос 9 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрөв дэх удаагаа тэргүүлж байгаа юм. Түрүүлсэн баг тамирчид олон улсын тэмцээнд явах эрхтэй боллоо.


Тэмцээнийг өмнө нь 11-12, 13-14, 15-16, 17-18 насны ангиллаар зохион байгуулж, 200 гаруй тамирчин оролцдог байсан бол энэ жил арваас доош насны ангилал нэмэгдэж, тамирчдын тоо хоёр дахин их болсон нь онцлог байлаа. Мөн энэ төрлийн спортоор шимтэн хичээллэдэг, сонирхдог хүн олон болсныг ч харж болох юм.


Ийнхүү Архангай аймгийн АРА арена спортын ордон улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнээ өндөрлүүллээ. Энэ оны тухайд тус ордонд УАШТ-5, дэлхийн болон бүсийн АШТ тус бүр нэгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

関連ニュース