ӨВӨРХАНГАЙ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс болгон хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-15 07:37:40

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт болж байна.


Хуралдаанд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд оролцож, Хангайн бүсийн хөгжлийн гарц шийдлийг хэлэлцлээ.



Ингэснээр бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орон нутагт ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх юм.


Аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд” хэлэлцүүлэгт панелистаар ажиллалаа. Тэрбээр “Эрүүл, аюулгүй орчинд иргэдээ амьдруулах үүрэг хүлээж буй төрийн ямар бодлого, шийдвэр гаргах вэ. Хийх ажлаас илүү хийж эхлүүлсэн ажлаа хэзээ дуусгах вэ гэдэг асуудлыг хөндлөө” гэв.

Мөн аймгийн Засаг О.Пүрэвдорж “Малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг кластер хэлбэрээр хөгжүүлэх нь нэн тэргүүний асуудал юм. Нэг асуудал дээр нэг бодлоготой, нэг зорилго, ойлголттой байж хөгжил явна” гэдгийг онцоллоо.



Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр зохион байгуулж буй “Түншлэл-хамтын ажиллагаа” үзэсгэлэнд Өвөрхангай аймгаас үйлдвэрлэл, бизнес эрхлэгч, урлаач зэрэг 20 гаруй төлөөлөл оролцож байна.


Хангайн бүс 90.2 мянган өрхтэй, 293.9 мянган хүн амтай, үүний 144 мянга нь ажиллах хүч юм. Эдийн засгийн үзүүлэлтийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2.7 их наяд төгрөг, үүний хамгийн их буюу 52.6 хувийг хөдөө аж ахуйн салбар, 32.2 хувийг үйлчилгээ, 15.2 хувийг үйлдвэрлэл эзэлж байна. Тус бүсэд нийт  6770 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.



Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалаар Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан. 

Хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар тусгажээ.

関連ニュース