Ливан улс хоёр жил гаруйн дараа ерөнхийлөгчтэй боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-01 10:09:43

БЕЙРУТ./Anadolu/. Ливаны парламент армийн генерал асан Мишель Ауныг ерөнхийлөгчөөр сонгосноор тус улсад хоёр жил гаруй үргэлжилсэн улс төрийн мухардмал байдал төгсгөл боллоо.

Парламентын фракцууд христийн Маронайт шашинт түүнийг ерөнхийлөгчөөр томилох талаар даваа гарагт тохиролцоонд хүрчээ.

Шашин хоорондын мөргөлдөөнийг таслан зогсоох хүчин чармайлтын хүрээнд улс төрийн өндөр дээд албан тушаалуудад янз бүрийн шашин шүтэгчдийг, тухайлбал ерөнхийлөгчөөр христийн Маронайт шашинт хүнийг, ерөнхий сайдаар лалын шашны суннитын урсгалыг шүтэгчийг, парламентын даргаар лалын шашны шиитийн урсгалыг шүтэгчийг томилсон байна.

2014 оны тавдугаар сард албан тушаал хаших хугацаа нь дуусгавар болсон өмнөх ерөнхийлөгч суудлаа өгсөн тэр үеэс хойш тус улс төрийн тэргүүнгүй байсан юм.

Ерөнхийлөгчийн суудал эзэнгүй байсны улмаас хөрш Сириэс ирж буй дүрвэгчдийн урсгалыг зогсоох талаар дорвитой арга хэмжээ авч чадахгүй байжээ.

Шинэ Ерөнхийлөгч Ливанд тогтвортой байдлыг бий болгоно гэж ажиглагчид найдаж байна.

Аун нь Ираны дэмжлэгтэй лалын шиитүүдийн “Хезболла” бүлэглэлтэй ойр харилцаа холбоотой учраас Бейрутэд Тегераны нөлөө нэмэгдэж магадгүй юм.

Г.Доржханд

 

関連ニュース