Украины Ерөнхийлөгч 104 компанитай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-11-01 12:17:20

КИЕВ./TASS/. Украины төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын цахим мэдүүлэг /ХОМ/ ням гарагт тус улсын Авлигатай тэмцэх үндэсний агентлагийн цахим хуудсанд нийтлэгдсэн байна.

Тус улсын Ерөнхийлөгчийн ХОМ-т дурдсанаар, 2015 онд П.Порошенко нийт 62 сая гривений /2,5 сая доллар/ орлого болсон байна. Тэрбээр нийт 104 компанитай бөгөөд эдгээр компаниудыг Ерөнхийлөгч болохоосоо өмнө бизнес эрхэлж байхдаа байгуулсан аж. Түүнчлэн орон сууцны байшин, эдллэн газар, автомашин, уран зураг, эмэгтэй хүний гоёлын зүүлт чимэг зэргийг мөн л төрийн тэргүүн болохоосоо өмнө худалдан авсан байна. Тухайлбал, Порошенко Киев хотын ойролцоо 30 сая гривений /1,2 сая доллар/ үнэтэй байшинтай бол Одесс мужид амралтын газартай аж.  

Порошенкод тансаг зэрэглэлийн 8 автомашин, 6 ш бугуйн цаг, нэг ширхэг арьсан пальто, 3 ш эмэгтэй хүний цүнх, нэг ширхэг булган шуб, 2 ш усны булган шуб бий гэнэ. Сонирхуулахад, Fendi брэндийн эмэгтэй хүний цүнх нь 100 000 гривен буюу 4 мянга орчим долларын үнэтэй аж. Түүнчлэн Ерөнхийлөгчийн эд хогшлын жагсаалтад нэг ширхэг төгөлдөр хуур хөгжим, 84 ш уран зургаас бүрдэх цуглуулга болон 6 ш уран баримал оржээ.

Харин Порошенко бэлэн мөнгө хадгалах дургүй бөгөөд одоогоор түүнд ердөө 60 мянган доллар, 900 мянган гривен бэлнээр байгаа гэнэ. Тэрбээр банкин дахь дансандаа 26 сая гаруй долллар, хагас сая гривен, 14 мянган евро хадгалуулжээ.

Х.Сарнай

関連ニュース