ХОВД: Сумдад цэрэг татлага үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах салбарын хууль тогтоомж, Ховд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цэрэг татлага үргэлжилж байна.
Ховд аймгийн Цэргийн штабын ажлын баг 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татах ажиллагааг сумдад тусгай хуваарийн дагуу зохион байгуулж буй.
Ховд аймагт 17 сум бий. Ээлжит цэрэг татлага дөрөвдүгээр сарын 22-ны өдөр эхэлж, одоогоор 14 суманд өрнөжээ.
"Мянгад, Манхан, Үенч суманд цэрэг татлагын бэлтгэл ажлыг сайн хангасан байлаа. Цэргийн насны залуусын хамрагдалт өндөр, алба хаах хүсэл эрмэлзлэл нэмэгдсэн байна" гэж Цэргийн штабаас мэдээллээ.
Мөн энэ сарын 30-нд Буянт, Дуут, Жаргалант сумын залуусыг цэрэгт татах тул Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхийг уриаллаа.
Цэргийн татлагад Монгол Улсын иргэн, 18-25 насны эрэгтэйчүүд хамрагдах бөгөөд тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй юм.