АРХАНГАЙ: Орон нутгийн төсвийн орлогоо 26.2 хувиар давуулан биелүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Аймаг, улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2025 оны эхний 3 сард аймгийн төсөвт 9.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 19.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 93.7 хувиар давуулан биелүүлсэн байна.
Орон нутгийн төсвийн орлогод 6.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 7.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 26.2 хувиар давуулан биелүүлсэн байна.
Аймгийн
төсвийн орлогын 60.1 хувийг тусламжийн орлогоор, 36.4 хувийг татварын орлогоор,
3.5 хувийг татварын бус орлогоор бүрдүүлжээ.
Орлогыг нэр төрлөөр нь үзвэл бууны албан татвар, авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн татвар, улсын тэмдэгтийн хураамж, ойн нөөц ашигласны төлбөр, ан амьтны нөөц ашигласны төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамж, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр нь 4.9 хувиас 2.5 дахин давуулан биелүүлсэн байна.
Улсын төсвийн
орлогод аж ахуй нэгжийн орлогын албан татварт 518.1 сая төгрөг, дотоодын бараа
үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварт 816.2 сая төгрөг, автын агаарын
бохирдлын төлбөрт 16.9 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөрт 0.9 сая төгрөг, нүүрсний
агаарын бохирдлын төлбөр 0.2 сая, суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос
суутгасан татвар 2.7 сая төгрөг, оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн
өртгийн албан татвар 0.03 сая төгрөг, нийт 1355.1 сая төгрөг төвлөрүүлсэн
байна.