Шинэ Зеланд: Хүүхдүүд сошиал сүлжээг ашиглахыг хориглох хуулийн төслийг өргөн барьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СИДНЕЙ, 2025 оны тавдугаар сарын 6 /TASS/. Шинэ Зеландын засгийн газар 16-аас доош насны хэрэглэгчдэд олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг парламентад өргөн барьжээ. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Кристофер Лаксон мэдэгдсэн байна.
"Бид хүүхдүүдээ нийгмийн сүлжээний хортой нөлөөллөөс хамгаалахыг хүсэж байна. Тийм ч учраас бид өнөөдөр 16-аас доош насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг өргөн барилаа" гэж К.Лаксон мэдэгджээ.
Нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлах тухай уг хуулийн төсөл нь “хүүхэд залуусыг дээрэлхэлт, хууль бус контент, донтолтоос хамгаалах" зорилготой ажээ. Хуулийн төсөлд зааснаар, платформын операторууд хэрэглэгчид нийгмийн сүлжээнд нэвтрэхийн өмнө насыг нь шалгах үүрэгтэй. Харин энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгууль ногдуулж, шүүхийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна.
Хэрвээ тус улсын парламент уг хуулийн төслийг баталбал хэрэгжилтэд нь хяналт тавих ажлыг аль нэг яаманд хариуцуулах бөгөөд тус яам нь гурван жилийн дараа хуулийн хэрэгжилт, үр дүнг үнэлэх үүргийг хүлээнэ.