Б.Обама Жеймс Комейг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-03 10:43:50

ВАШИНГТОН. /ВВС/. Х.Клинтоны цахим шуудангийн хэргийг дахин сөхөж байгаатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Комей-г шүүмжилжээ.

Тэрбээр хэлэхдээ, Америкийн мөрдөгчид “гүтгэлэг” эсвэл “дутуу дулимаг мэдээлэлд” үндэслэн ажиллах ёсгүй гэсэн байна.

Цахим шуудангийн сервер ашигласан гэх Хиллари Клинтоны хэрэгтэй холбоотой байж магадгүй шинэ и-мэйл хаягуудыг Холбооны мөрдөх товчоо илрүүлэн шалгаж эхэлсэн билээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө 11 хоног үлдээд байхад Клинтоны хэргийг дахин шалгах ажиллагааг явуулж эхэлсэн Жеймс Комей багагүй эсэргүүцэлтэй тулгарч байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон нууцын зэрэглэлтэй мэдээлэлтэй харьцахдаа хайхрамжгүй хандсан гэх хэргийг өмнө нь хаагаад байсан боловч энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй цахим шуудангйин хаягууд хэдхэн хоногийн өмнө  илэрсэнтэй холбогдуулан уг хэргийг дахин сэргээсэн гэдгээ Ж.Комей өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Барак Обама анх удаа олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “би энэ хэрэгт оролцохгүй гэж ихэд хичээсэн. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааг гүтгэлэгт үндэслэн явуулахгүй гэсэн хэм хэмжээ бий. Бид тодорхой шийдвэрт үндэслэн мөрдөн шалгах ажиллагааг явуулах ёстой. Клинтон алдаа гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй гэдгийг дурдсан Холбооны мөрдөх товчоо, Хууль зүйн яам болон Конгрессын дүгнэлт бий шүү дээ” гэжээ.

Д.Нямтулга

 

関連ニュース