Баруун эрэгт иргэдээ суурьшуулах гэсэн Израилийн шийдвэрийг АНУ буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-11-03 13:30:38

ВАШИНГТОН./VOA/.Иерусалимын зүүн хэсэгт 181 айл өрхийг суурьшуулахын тулд Израилийн эрх баригчид тэнд шинээр барилга барих зөвшөөрлийг лхагва гарагт олгосныг АНУ-ын Төрийн департамент эрс зэмлэн буруушаажээ.

“Энэ бүсэд иргэдийг суурьшуулахыг бид эрс эсэргүүцэж байна” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд хандан хэлээд “энэ мэт үйлдэл нь Израиль-Палестины энхийн хэлэлцээрийг бусниулах  эрсдэлийг бий болгож байна” гэжээ.

Иерусалимын хэвлэлийн төлөөлөгч Брачи Спрунг хэлэхдээ "Гило бүсэд хэрэгжүүлэх уг төлөвлөгөөг 2012 онд баталсан бөгөөд өнгөрсөн лхагва гарагт гаргасан зөвшөөрөл нь талбайг хуваарилах талаарх техникийн чанартай нарийн ширийн мэдээллүүд байсан юм” гэжээ.

Израильчууд West Bank буюу Иордан голын баруун эргийг 1967 онд дайны явцад эзлэн авсан бөгөөд үүний дараагаар Иерусалимыг бүхэлд нь эзлэн авчээ. Тус бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд тэнд барилга барих нь зөв гэж израильчууд үзэж байгаа аж. Харин палестинчууд Иерусалимын зүүн хэсгийг ирээдүйн нийслэл хотоо гэж үздэг байна.

Үүний сацуу дэлхийн ихэнх улс орнууд Иерусалим болон Иордан голын баруун эрэгт израильчуудыг суурьшуулахын тулд байшин барилга барих нь хууль бус явдал гэж үздэг юм. 

Х.Сарнай

 

関連ニュース