ӨВӨРХАНГАЙ: Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц нь ашиглалтын зардлыг 20-80 хувь багасгадаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Төрийн банкны Өвөрхангай аймаг дахь
салбараас санаачлан бүхий “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн
худалдааг хоёр өдөр зохион
байгууллаа.
Олон нийтэд дэвшилтэт технологи болон ногоон санхүүжилтийн талаар мэдлэг, ойлголт өгч, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой тус үйл ажиллагаанд төрийн байгууллагууд болон байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэгч хувийн хэвшил, мэргэжлийн холбоод оролцож, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны талаар мэдээлэл хүргэлээ.
Иргэдийн хувьд орон нутгийн барилгын компаниудын мэдээллийг авах, захиалга өгөх, ногоон зээлд хамрагдах боломжуудыг нэг цэгээс авснаараа ач холбогдолтой байв. Энэ үеэр Амины орон сууц инновац хөгжлийн төвөөс зохион байгуулсан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих сургалтад 20 гаруй аж ахуйн нэгж хамрагдлаа.
Мөн “Орон нутагт эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх боломж” хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга гэдэг нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй барилгын материал ашигласан, дулаан алдагдал хамгийн бага байх хийцтэй, сэргээгдэх эрчим хүчний шийдэлтэй, хур тунадас болон саарал усыг ашиглах зэрэг цогц шийдэлтэй байхыг хэлнэ.
Эрчим
хүчний хэмнэлттэй амины орон сууц нь ашиглалтын зардлыг 20-80 хувь багасгадаг. Төрийн
банкнаас байшингаа засварлах, дулаан алдагдлыг бууруулахад шаардлагатай
санхүүжилтийн зээлүүдийг олгож байна.