“Үе тэнгийн сургагч багш бэлтгэх” сургалтад 40 гаруй сурагч хамрагдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар анги, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын Хүүхдийн зөвлөл хамтран “Үе тэнгийн сургагч багш бэлтгэх” сургалтыг энэ сарын 16-17-нд зохион байгуулж байна.
Энэхүү сургалт хүүхдийн санал санаачилга, оролцоонд тулгуурласан гамшийн аюулаас урьдчилан сэргийлэх, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилготой юм.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг ярихдаа, “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, гамшигт үзэгдлийн эрч улам нэмэгдэж, хүүхэд бүрийн эрх, амьдрах орчин, сурах боломж, аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байна. Тухайлбал өнгөрсөн 2024 онд дэлхий дахинд 242 сая хүүхэд уур амьсгалын гамшгийн улмаас сургуулиасаа тасарч, боловсрол эзэмших эрхээ бүрэн эдэлж чадаагүй бол сүүлийн 6 жилд 43.1 сая хүүхэд зөвхөн цаг агаарын гамшгийн улмаас гэр орноо орхин нүүхэд хүрсэн байна. Харин манай улсад 2023-2024 оны зуднаар 80 мянга гаруй малчин өрхийн хүүхдүүд хичээл завсардсан тухай судалгаа гарсан. Тиймээс энэ удаагийн сургалтаар гамшгийн эрсдэлийг таньж, байгалийн аюулт үзэгдэл, түүнд дасан зохицох, даван туулах чадваруудаа хөгжүүлэх хүрээнд сургалт, дадлагыг зохион байгуулж байна. Эдгээр чадварууд зөвхөн өөрийгөө хамгаалахад туслах төдий биш, бусдын амийг аврах хүчтэй мэдлэг болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Сурагчид аюулгүй өрх, утаат орчноос гарах, гал түймэр унтраах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, газар хөдлөлт, өндрөөс аврах ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар ангийн сургалтын танхимд гамшгаас хамгаалах мэдлэг эзэмшиж, сургагч багшаар бэлтгэх аж.
Сургалтад
Монголын хүүхдийн зөвлөлийн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 40 гаруй сурагч хамрагдаж байна.