АРХАНГАЙ: АШУҮИС, МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургуультай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-26 11:16:10

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Архангай аймаг дахь салбар сургуультай хамтран ажиллах гэрээнд 6 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурлаа.

 

Гэрээнд АШУҮИС-ийг төлөөлөн Боловсрол хариуцсан проректор Г.Батбаатар, Сувилахуйн сургуулийн захирал Б.Оюунгоо, МУБИС-ийн Багшийн сургуулийг төлөөлөн тус сургуулийн захирал Д.Батбилэг, Хөтөлбөрийн албаны дарга Г.Хишигбаяр нар гарын үсэг зурж, хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн юм.

 

Энэхүү хамтын ажиллагаа нь Архангай аймагт сувилахуйн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, бүс нутгийн хүний нөөцийг чадавхжуулах, боловсрол, эрүүл мэндийн салбарын уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой.

 

Талууд анги танхим, тоног төхөөрөмжийг харилцан ашиглах, багшлах боловсон хүчнээр дэмжлэг үзүүлэх, сургалт, судалгаа, цахим хичээл, оюутны байр зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд цаашид илүү үр өгөөжтэй түншлэлийг өрнүүлэхээр зорьжээ.

 

АШУҮИС нь бүс нутгийн боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор орон нутгийн их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа тогтмол өргөжүүлэн ажиллана гэлээ.

関連ニュース