Монгол оюутнууд “Seeds for the future 2025” олон улсын хөтөлбөрт оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-01 17:46:52

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол оюутнууд Мэдээлэл, харилцаа холбооны дэлхийн тэргүүлэгч компани “Хуавэй Технологи” ХХК-ийн зохион байгуулдаг “Seeds for the Future 2025” хөтөлбөрт оролцох батламжаа өнөөдөр гардлаа.

 

Энэхүү хөтөлбөр нь мэдээллийн технологийн салбарын ирээдүй болсон залуусыг чадавхжуулах зорилготой бөгөөд энэ жил дэлхийн 15 орны 200 гаруй оюутныг хамруулах юм. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид долоон хоногийн эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж, 5G технологи, үүлэн тооцоолол, хиймэл оюун зэрэг орчин үеийн технологийн талаарх мэдлэг, ур чадвараа нэмнэ.  Мөн Хуавэй компанийн технологийн үзэсгэлэнгийн танхимд зочлон, дэлхийн олон орны залуустай соёлын солилцоо хийх боломж бүрдэж байгаа нь тус хөтөлбөрийн онцлог юм.

 

Манай улс тус хөтөлбөрт 2022 оноос идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд тус онд дотооддоо болсон хөтөлбөрт 28 оюутан, 2023 онд Катар улсын Доха хотод болсон хөтөлбөрт боловсролын салбарын 10 мэргэжилтэн оролцжээ.

 

“Хуавэй Технологи” ХХК нь Боловсролын яамтай хамтарч мэдээллийн технологийн салбарын экосистемийг хөгжүүлэх зорилгоор их, дээд сургуулиудтай хамтран мэргэжлийн сургалт, Хуавэй лабораториудад зочлох боломж олгохоор төлөвлөжээ.

 




関連ニュース