Зургаадугаар сараас хойш болоогүй хүчтэй соронзон шуурга эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
МОСКВА, 2025 оны есдүгээр сарын 15 /РИА Новости/. Ойрын гурван сард болоогүй хүчтэй соронзон шуурга дэлхий дээр эхэлсэн тухай Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн нарны одон орон судлалын лаборатори мэдээлсэн байна.
“Дэлхий дээр G3 түвшинд ойролцоо
хүч бүхий соронзон шуурга ажиглагдаж байна. Шөнө дундын үед манай гараг маш том
хэмжээтэй нарны титмийн нүхний бүсийн үйлчлэлийн бүсэд орсноор нарны салхины
хурд нэмэгдэж буй энэ үед уг үзэгдэл явагдаж байна” гэж лабораторийн мэдээлэлд
дурджээ.
Соронзон шуурганы хүч урьдчилсан
тооцоолж байснаас давсан бөгөөд өмнө нь ийм хүчтэй шуурга зургаадугаар сарын
эхээр бүртгэгдэж байв.
Мэргэжилтнүүдийн тооцоолж
байгаагаар, гео соронзон орны нөхцөл байдал 4-6 долоо хоногийн туршид муудах
бололтой. Гэхдээ энэ бүх хугацаанд соронзон шуурга дэгдэнэ гэж үзэж болохгүй.
Нарны титмийн нүхний үйлчлэл нь маш тогтворгүй байдаг тул наран дээр үе үе
цуврал дэлбэрэлт явагдаж, хэдэн цагийн турш үргэлжилсний дараа нөхцөл байдал
түр хугацаанд хэвийн болдог байна.
Наран дээр болдог дэлбэрэлтүүдээс
үүдэн дэлхий дээр соронзон шуурга болсноор эрчим хүчний системүүдийн үйл
ажиллагаанд доголдол үүсгэж, шувууд ба амьтдын нүүдэллэх замд нөлөөлөх
магадлалтай. Мөн богино долгионы холбоо ба байршил тогтоох системийн үйл ажиллагаанд
саатал гарч магадгүй юм. Түүнээс гадна, нарны идэвхжилийн үеэр туйлын туяаг
ажиглах боломж нэмэгддэг. Харин соронзон шуурга нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг эсэхэд
шууд хариулт өгөхөд хэцүү.