Т.Алтжин ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-17 09:50:51

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хорватын Загреб хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Т.Алтжин хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх 81, эмэгтэйчүүдийн 35 дахь медаль болж байна.


Т.Алтжин эхний тойрогт хийлж, шөвгийн 16-д Казахстан, наймд Германы бөхийг ялж, хагас шигшээд Японы Сакүра Онишид ялагдсан. Тэгвэл өчигдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй Оросын бөх, Европын аварга Анастасия Сиделниковаг 6:4-өөр буулган авснаар дэлхийн медальтан болов. Түүний хувьд Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат улсын начин Л.Цэрэнтогтохын зээ дүү юм. Ингэснээр 2025 оны ДАШТ-д оролцож буй Монголын эмэгтэй баг тамирчдын эхний медалийг авлаа. 


ДАШТ-ий сүүлийн дөрвөн жингийн барилдаан өнөөдөр болно. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ААШТ-ий мөнгөн медальт Ц.Намуунцэцэг, 62 кг-д дэлхийн аварга П.Орхон, 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, 72 кг-д жинд Ази тивийн аварга З.Болортунгалаг нар хүч сорих болно.

Түүнчлэн 50 кг-д Б.Мөнхнар, 65 кг-д Т.Энхжин нар хүрэл медалийн төлөө барилдана.













関連ニュース