АРХАНГАЙ: Оюутнууд мэргэжлийн дадлага хийх бодит боломжийг өргөжүүлэх тухай санал гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Залуучуудын үндэсний чуулганы урьдчилсан хэлэлцүүлгийг Архангай аймагт 2025 оны 9-р сарын 26-нд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт иргэний нийгэм, төр, хувийн хэвшлийн байгууллагын залуучуудын 50 төлөөлөл, цахимаар 186 залуу оролцож, залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал өгөх, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудалд гарц-шийдэл санал болгох, салбар дундын уялдаа холбоог сайжруулах чиглэлд хэрхэн түншилж болох тухай бүтээлч санал, шүүмжлэлийг өрнүүллээ.
Хэлэлцүүлгээр залуу гэр бүлийг орон сууцанд хамруулахад урьдчилгаа төлбөрийг зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх, түрээсийн орон сууцыг түрээслээд өмчлөх журмыг тодорхой заах, орон нутгийн оюутан залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс байгаа зэрэг залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, гэр бүл төлөвлөлтийн тулгамдаж буй асуудлуудыг тодорхой төрийн бодлогоор дэмжих механизм бүхий зохицуулалтыг хуульд оруулахыг хүссэн саналуудаа хуваалцлаа. Тухайлбал,
•Орон нутагт ажиллахаар
ирсэн залуу боловсон хүчнийг байр, түрээсийн орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлөөр
хангах,
•Аймагт дээд боловсрол
эзэмшиж буй 500 гаруй оюутнуудад мэргэжлийн дадлага хийх бодит боломжийг
өргөжүүлэх, оюутны цагийн ажил хийх бодит зохицуулалт нэмэгдүүлэх,
•Боловсролын зээлийн
сангийн зээл, тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, ил тод болгох,
•Салбар хоорондын
уялдааг сайжруулж, залуучуудыг бүх талын бодлогоор тогтвортой дэмжих зэрэг
саналыг дэвшүүлсэн
юм.
Монголын Залуучуудын эвсэл ТББ, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр “Ирээдүй чинийх” уриан дор “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа” сэдэвт үндэсний чуулганыг 10 дугаар сарын 4-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.