Канад Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-03 12:44:50

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Ерөнхийлөгч Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ, Монгол Улс нь Хойд Америкийн бүс нутаг дахь чухал “гуравдагч хөрш” Канадтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг гээд, хоёр талын харилцаа эдүгээ “Иж бүрэн түншлэлийн” түвшинд хөгжиж байгааг онцоллоо.


Харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, боловсрол зэрэг харилцан ашигтай салбарт өргөжүүлэхийн  чухлыг  тэмдэглэв.


Элчин сайд С.Дауст Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Канад Улсын Амбан захирагч Мэри Саймоны мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө чармайн ажиллахаа илэрхийллээ.


Монгол, Канад Улс 1973 оны 11 дүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон юм гэж ЕТГ-аас мэдээллээ.




関連ニュース