Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай давахад зориулсан төсөв батлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-07 11:04:02

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт хүндрэх эрсдэлтэй баруун аймгуудад өнгөрсөн долоо хоногт ажлын хэсэг томилон ажиллуулсан. Ажлын хэсгийн ахлагч, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү баруун долоон аймагт ажилласан тайлангаа тавьжээ.


Уулзалтын үеэр өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатайг онцолсон байна. Гангийн эрсдэлийн үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 25, их эрсдэлтэй 54, дунд эрсдэлтэй 130, бага эрсдэлтэй 129, маш бага эрсдэлтэй хоёр сум бий гэсэн тооцоо гарчээ.


Баруун аймгууд өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, мал мах бэлтгэн эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллаж байгаа аж. 2025-2026 онд Увс аймагт 2.7 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гарснаас 30 хувийг нь эдийн засгийн эргэлтэд оруулахаар болжээ. Тэгвэл Ховдод 6.3, Завхан 6.0, Баян-Өлгийд 3.6, Говь-Алтайд 4.3, Өвөрхангайд 5.3 сая мал өвөлжиж, хаваржих урьчидчилсан тооцоо гаргасан байна. 2025-2026 онд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг УОК-оос эртнээс анхааруулж, орон нутаг, малчин өрх бүр өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангахыг анхааруулсаар байгаа юм.


Шадар сайд УОК, ХХААХҮЯ, аймаг, сум, багийн түвшинд бүх мэдээллээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах, малчдад ган, зудын эрсдэлийн үнэлгээ, цаг агаарын мэдээллийг тогтмол өгч, өвөлдөө сайтар бэлдэхийг анхааруулж, бүх шатны байгууллага хамтарч импортын өвс тэжээлийг хил гаалиар оруулж ирэх зохицуулалт хийх, малчид, аж ахуй нэгжүүдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, өвс, тэжээлийн үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлэхийг даалгажээ. Мөн цаг хүндрэх эрсдэлтэй бүс, аймаг, сумдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхааран дотоодын хэрэгцээг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлүүдтэй хамтрах, отор нүүдэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй байх тал дээр орон нутийн удирдлагуудтай хамтарч, отроор яваа малчдад эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийг даалгасан байна. 

関連ニュース