Төрийн нууцад хамааруулаад байсан “нүүрсний” гэх тодотголтой мэдээллүүдийг ил болголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар өмнө нь төрийн нууцад хамааруулаад байсан “нүүрсний” гэх тодотголтой бүх мэдээллийг ил тод болгох шийдвэр гаргалаа.
Засгийн газар “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” тогтоолын төсөл баталсан талаар Засгийн газрын
Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт мэдээлэхдээ, "Олны дунд “нүүрсний
хулгай” гэх, “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаатай холбоотой олон
нууц гэрээ бий. Засгийн газраас 32 гэрээг 2022 онд олон нийтэд зарласан ч зарим
мэдээлэл нууц үлдсэнийг ийнхүү ил болгож байна. Мөн Гашуунсухайт-Ганцмодны төмөр
замын хил холболтын болон нүүрс олборлох, худалдах, гэрээнүүдийг ил болго, үүний
цаана хулгай, луйвар бий гэх хардлага, олон нийтийн дундах эргэлзээ,
тээнэгэлзээг арилгахаар холбогдох бүх гэрээг дэлгэж байна. Тодруулбал, Монгол,
БНХАУ-ын яамд, албан тушаалтнуудын харилцан солилцсон албан бичиг, бусад мэдээллийг
Засгийн газар, Эрдэнэс Тавантолгойн цахим хуудаснаас харах боломжтой. Хариуцсан
яамдын албан тушаалтанд холбогдох бүх мэдээллийг ил тод, нээлттэй тавихыг үүрэг
болгосон” хэмээв.
Үүнд УИХ-аар өнгөрсөн
оны 12 дугаар сарын 27-нд баталж гэрээ байгуулсан удирдамж, чиглэлээс гадна,
энэ оны хоёрдугаар сарын 14-нд хийсэн гэрээ, үүнтэй холбогдуулан Монгол Улс,
БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар гуравдугаар сарын 27-нд баталсан
протокол, албан бичгүүд ч багтаж байгаа аж.