ДОРНОГОВЬ: Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр Сайншанд хотод удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ.
Тус штабын сургуулийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар нар удирдан зохион байгуулж буй бөгөөд аймгийн удирдах бүрэлдэхүүнийг гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох чиглэлээр чадавхижуулж байна.
Сургуулилтын хугацаанд аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах юм. Харин үүнээс өмнө буюу аравдугаар сарын 13-нд “Гамшийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийн хүрээнд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 06 дугаар сургуулийг түшиглэн, сурагчдыг аюулгүй амьдрах ухаанд сургаж дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг таниулах зорилго бүхий өдөрлөгийг зохион байгуулжээ.
Ташрамд, Дорноговь аймагт 2019 онд “Говийн чоно” олон улсын гамшгаас хамгаалах сургалт, дадлага болж бүс, орон нутгийн хэмжээнд үүсч болзошгүй эрсдэлийг тодорхойлж байгалийн гамшиг, томоохон ослоос үүссэн нөхцөлд орон нутгийн удирдлага, онцгой комисс, мэргэжлийн ангиудыг чадавхжуулах иргэдийн аюулгүй байдлыг хангахад хэрхэн яаж ажиллах талаар сургалт явуулж байв.