Ногоон нуурт хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Ногоон нуур орчимд Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон албаныхан ажиллаж ногоон байгууламжийн төлөвлөлтийн талаар мэдээлэл өгчээ.
Энэ талаар Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд хүн ам олноор нэмэгдэж, шинэ суурьшлын бүс үүссэн. Ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу байна. Тиймээс “20 минутын хот” төлөвлөлтийн дагуу ээлтэй, хүртээмжтэй бүс болгохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны ногоон нуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Газар чөлөөлөх тухайд төслийн нөлөөлөлд нийт 85 нэгж талбар өртсөн. Өнөөдрийн байдлаар 40 орчмыг нь чөлөөлөөд байна. Намгархаг хөрс ой модноос хоёр дахин их хүчил төрөгч ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Ногоон нуур орчим нь намгархаг хөрстэй учраас хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахад маш тохиромжтой” гэж онцлов.
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 51 байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Эхний 34 байршилд архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, зураг төслийн шатандаа явж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, хотын аялал жуулчлалыг нэмэгдүүлэхээр Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Улсын их дэлгүүр, "Чингис хаан" үндэсний музей, Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн, Ногоон нуурын цэцэрлэгт хүрээлэн гэсэн маршрутаар 1.5-2 радиус дотор алхах боломжтой маршрут гаргаж байгаа ажээ.