Ц.Мөнхнасан: Бэлчээрийн нийт талбайн даац хэтэрсэн үзүүлэлттэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-23 15:58:54

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. НҮБ-ын 80 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног” аяны хүрээнд “Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” сэдэвт уулзалт өнөөдөр боллоо.


Энэхүү уулзалт нь Монголын бэлчээрийн мал аж ахуйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, боломж, хамтын шийдэл болон түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн бөгөөд газрын нэгдсэн менежмент, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэх зорилготой юм.


Мал аж ахуй, генетик нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Мөнхнасан ярихдаа, “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор 2026 оныг “Бэлчээрийн ба нийтийн мал аж ахуйн хэрэглэгчдийн олон улсын жил” болгон зарласан. Уг санаачилгыг Засгийн газраас гаргасан. Манай улс үүнд тэргүүлэх байр суурьтай оролцож байна. Дэлхийн улс орны шийдвэр гаргагчдын анхаарлыг бэлчээрийн менежмент болон нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжилд хандуулах зорилготой. Бэлчээрийн газрын доройтол нь зөвхөн Монголд бус бүс нутгийн болон дэлхийн хэмжээний асуудал болсон. Дэлхийн хуурай газрын эзлэх хувь нийт газар нутгийн 54 орчим хувийг бүрдүүлдэг. Эдгээр бүс нутагт бэлчээрийн доройтол эрчимтэй байна. Судалгаагаар Монголын бэлчээрийн нийт талбайд 85 сая толгой хонь бэлчих даацтай гэж тооцоолсон. Гэтэл өнөөдрийн байдлаар 130 сая болж, даацаасаа хэтэрчээ. Энэ нь бэлчээрийн доройтол, экосистемийн тэнцвэрт байдалд ноцтой нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг юм” гэв. 


Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Дөл ярихдаа, “Манай Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /ГЗБГЗЗГ/ нь улсын хэмжээнд бэлчээрийн газрын зохион байгуулалт, төлөвлөлт, менежментийг хариуцан хэрэгжүүлдэг. Мөн бэлчээрийн газрын төлөв байдал, өөрчлөлтийг хянан дүгнэж, цаашид гарч болох өөрчлөлт, эрсдэлийг судлан шинжилдэг. Бэлчээрийн фото мониторингийн ажлыг шинэ арга зүйгээр 10 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Жил бүрийн 8 дугаар сард бэлчээрийн газрын ургац, биомасс, ургамлын бүрхэцийн хэмжээг тодорхойлон, тухайн бүс нутгийн экосистемийн нөхцөл байдал, сэргээн сэргэх чадварыг үнэлдэг. Энэ нь хүний үйл ажиллагаа болон байгалийн хүчин зүйлийн нөлөөнд үндэслэн хийдэг. Манай байгууллага газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг ашигладаг" гэлээ. 


Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /FAO/-аас хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн төсөл” болон “STREAM төсөл”-ийн хүрээнд хамтран ажиллаж байгаа аж. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд судалгааны үр дүнг иргэд, малчид, шийдвэр гаргагч нарт түргэн шуурхай хүргэх зорилгоор гар утасны аппликейшн хөгжүүлжээ. Ингэснээр хээрийн судалгааг гар утсаар дамжуулан богино хугацаанд, үр ашигтайгаар хийх боломж бүрдэх юм. Сүүлийн хоёр жилийн байдлаар хүчтэй болон маш хүчтэй доройтсон бэлчээр нийт нутгийн 20 гаруй хувийг эзэлж байгаа ажээ. 






 

関連ニュース