ӨВӨРХАНГАЙ: Шахмал түлш үйлдвэрлэх "Баянтээг түлш" компанийг татан буулгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-10-24 13:39:44

Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Утааг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2019 онд эхлүүлсэн шахмал түлш үйлдвэрлэх үйл ажиллагааг зогсоолоо.


Арвайхээр сумын агаарын бохирдлын 60 хувийг бүрдүүлж буй гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангахаар Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн хоногт 120 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьсан. Мөн аймгийн ИТХ-ын 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “Баянтээг түлш” орон нутгийн өмчит бие даасан компани байгуулж, шахмал түлшний үйлдвэрлэлийг эрчимжүүлсэн юм.


2021 онд 462 тонн, 2022 онд 316 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэснийг Арвайхээр сумын 2 дугаар багийн 500 орчим айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд гэр хорооллын бүх айл өрхийг шахмал түлшээр хангахын тулд 18000 тонн хэрэгтэй хэмээн тооцсон.



Гэвч үйлдвэрийн хүчин чадал хүрэхгүй байсны улмаас 2022 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хоёр тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, үйлдвэрийн олон үйлдэлт зуух, хатаалгын төхөөрөмжийн өргөтгөл, агуулахын байрны барилгын ажлуудыг хийсэн боловч олон үйлдэлт зуух суурилуулах ажил одоог хүртэл бүрэн дуусаагүй байна. Уг ажлыг гүйцэтгэгч “Блейз тек” ХХК-иас ТЭЗҮ-ийн дагуу ажилласан гэх боловч зууханд удаа дараа гэмтэл гарч, шахмал түлш үйлдвэрлэх нөхцөл бүрдээгүй хэвээр байгаа юм.


Цаашид “Баянтээг түлш” ОНӨХХК бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзсэн учир татан буулгах буюу Баянтээг ХК-д шилжүүлэх саналыг аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаанд оруулж, олонхын саналаар дэмжигдэн хурлын 09/021 дугаар тогтоолоор шийдээд байна. 


2019-2025 он хүртэлх хугацаанд “Баянтээг түлш” ОНӨХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, орон нутгийн төсөв, Баянтээг нүүрсний уурхайгаас 4.9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хийснээс 3.7 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалт, 1.2 тэрбумыг урсгал зардалд зарцуулжээ. 

関連ニュース