Манай улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох судалгаа хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-28 12:08:57

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Их Британийн Засгийн газартай хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох судалгааг энэ сарын 27-31-нд зохион байгуулж байна.


Монголын дотоодын баг, Их Британийн Засгийн газрын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдтэй хамтран хийж буй судалгаа нь Засгийн газрын тогтоолоор баталсан кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг хэрэгжүүлж, кибер аюулгүй байдлын эрсдэлийн түвшинг тодорхойлж, эрсдэлийг багасгах үйл ажиллагааг төлөвлөх зорилготойг ЦХИХХЯ мэдээлэв.


Их Британийн Засгийн газраас кибер аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх судалгааны асуулга, аргачлалыг боловсруулсны үндсэн дээр эрсдэлийг тодорхойлох, байгууллага, салбар, үндэсний хэмжээнд кибер эрсдэлийн тайлан боловсруулах арга зүйг дотоодын багт заана. Дотоодын баг нь судалгаанд шаардлагатай өгөгдлийг цуглуулж, тайлан боловсруулах үүрэгтэй юм.


Судалгаа хийснээр Засгийн газар, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер эрсдэлийг тодорхойлох, нөөцийн хуваарилалт, хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтөд үндэслэлтэй шийдвэр гаргах, байгууллага, салбар, үндэсний хэмжээнд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, түүнчлэн эрсдэл, түүнийг таних, хариу үзүүлэх талаарх мэдлэг ойлголтыг нэмэх ач холбогдолтой.


Өнөөдөр онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй болон төр, хувийн хэвшлийн байгууллагад кибер эрсдэлийг таних, үнэлэх, эрсдэлээс үүдэх хор хохирлыг тодорхойлох, судалгааны ач холбогдлыг таниулах сургалт хийжээ.


Монгол Улсын кибер эрсдэлийг тодорхойлох судалгаанд онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий төр, хувийн хэвшлийн 40 гаруй байгууллага оролцож байна. 

関連ニュース