Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын зорчих хөдөлгөөнийг энэ сарын 31-нд нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-28 12:52:09

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км авто замын ажил 88 хувьтай үргэлжилж байна.


Уг авто замын эхний байршилд 2.4 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг зургаадугаар сард нээсэн бол үлдсэн 1.5 км авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 31-нд нээх аж.


НЗДТГ-ын мэдээлснээр, Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Толгойтын зам хүртэлх авто замын суурь хучилтын ажил дууссан. Энэ сардаа багтааж Ард Аюушийн өргөн чөлөөнөөс баруун тийш Содон хорооллын уулзвар хүртэлх зам болон үндсэн замаас Саппорогийн уулзвар уруудах хэсгийн авто замын хөдөлгөөнийг нээхээр тэмдэг тэмдэглэгээ суурилуулж байна.


Авто замын ажлаас гадна нийт шугам сүлжээний ажлын явц 90 орчим хувьтай үргэлжилж, ажлын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” компани, түншлэлэээр “Ган бүрд” компани ажиллаж байгаа аж. Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам нь зургаан эгнээ зорчих хэсэг, дөрвөн нүхэн гарц, нэг гүүрэн гарцтай. Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 50 хүртэлх хувиар хуваалцах хүчин чадалтай холбоос зам юм.


Авто замын үзүүлэлт нь замын урт 4 км, 1.5км, зорчих хэсгийн өргөн 25 метр, явган замын өргөн 2 метр /2 талдаа/, гүүр 31.1 метр, нүхэн гарц 4 ширхэг, хоолой 14 ширхэг, тулц хана 4 ширхэг байх ажээ.

 

関連ニュース