Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 30 /AP/. АНУ-ын Төв банкны үүрэг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ инфляц өндөр хэвээр байгаа хэдий ч эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс лхагва гарагт бодлогын хүүгээ бууруулжээ. Ингэснээр энэ онд хүүг хоёр дахь удаагаа буурууллаа.
Гэхдээ ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл эдийн засгийн
үзүүлэлтүүдийн тайланг танилцуулахад засгийн газрын түр зогсолт нөлөөлсөн, Төв
банкны бодлогын хүүгийн хэлэлцүүлэгт оролцож буй ХНС-гийн 19
албан тушаалтны дунд хүчтэй санал зөрөлдөөн үүссэн зэргийг дурдаад, хүүг цаашид
бууруулах баталгаа байхгүй гэдгийг мөн анхааруулжээ.
ХНС бодлогын хүүтэй холбоотой шийдвэрээ зарласны дараа
сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Ж.Пауэлл хэлэхдээ, ирэх 12 дугаар сард болох дараагийн
хурлаар ямар шийдвэр гаргах талаар эрс өөр өөр бодолтой байгаа тул бодлогын хүүг цаашид бууруулах магадлал
тун бага байна хэмээн мэдэгдлээ.
Бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулснаар 4.1 хувиас 3.9 хувь
орчим болжээ. Төв банк өнгөрсөн онд хүүгээ гурван удаа бууруулахаасаа өмнө сүүлийн
40 жилийн хугацаан дахь инфляцын хамгийн өндөр өсөлттэй тэмцэхийн тулд 2023,
2024 онуудад хүүгээ ойролцоогоор 5.3 хувь хүртэл өсгөж байсан юм.
Төв банкны хувьд ажлын байрны өсөлт удаашралтай байгаагаас
гадна инфляц ХНС-гийн зорилтот түвшнээс /2 хувь/ дээгүүр байгаа амаргүй үед дээрх шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн засгийн
газраас ихээхэн хамааралтай эдийн засгийн үзүүлэлтүүд, түүний дотор засгийн
газрын үйл ажиллагаа түр зогссоны улмаас ажлын байр, инфляц, хэрэглээний
зардлын талаарх сар тутмын тайлангууд бэлэн болоогүй үед шийдвэр гаргаж
байгаа нь сорилт бэрхшээлийг улам хүндрүүлж байна.
Санхүүгийн салбарынхан
12 дугаар сард бодлогын хүү дахин буурна хэмээн урьдчилан таамаглаж байсан тул Ж.Пауэллийн
мэдэгдлийн дараа хувьцаануудын ханш унасан бол S&P 500 индекс ерөнхийдөө
өөрчлөгдөөгүй, харин Dow Jones индекс арилжаа хаагдах үед бага зэрэг буурсан байна.
Ulaanbaatar