Нутгийн баруун хагаст өнөөдөр цас үргэлжлэн орж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-11 09:16:37

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Манай орны нутгийн баруун хагаст өнөөдөр,  нутгийн өмнөд хэсгээр  маргааш цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.


Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна.


Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгороор -24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -18--23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7-12 градус, бусад нутгаар -13-18 градус хүйтэн байна.

 

 

関連ニュース