Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.
Уг төслийг пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулахаар шийдвэрлээд байсан юм. Энэ дагуу дээрх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 81 гишүүний 68 нь буюу 84 хувиар дэмжив. Үргэлжлүүлэн тус хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын тогтоолыг боловсруулан батлуулах агуулга бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Тус хэлэлцээрийн
хүрээнд Монгол Улс ЕАЭЗХ-ны гишүүн орнууд руу 367 нэр төрлийн бараанд гаалийн
тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлснээр аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж,
хөдөө аж ахуйн салбарын шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэн, дотоодын бизнес эрхлэгчдийн гадаад
худалдааны туршлага, чадвар өсөж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болох аж.
Ulaanbaatar