Д. Доржсүрэн: Тоглолтынхоо орлогоор талийгаач хүүгийнхээ өрийг төлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, СТА Д. Доржүрэн Улаанбаатар хотноо “Үрсдээ зориулах дуун аялгуу” нэртэй өөрийн бие даасан тоглолтыг хийжээ. Тоглолт хийх болсон гол шалтгаан нь тэрээр хэдхэн жилийн өмнө шунахайн сэтгэлт хүний гарт том хүүгийнхээ алтан амийг алдсан юм.
Түүний талийгаач хүү нь АПУ ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажилладаг байсан бөгөөд энэ ажлаа эхлүүлэхийн тулд дүүгийнхээ байрыг барьцаанд тавьж банкнаас зээл авсан байдаг. Гэтэл одоо талийгаачийн эхнэрээс банк мөнгөө нэхэмжилсээр байгаа юм. Харин эр нөхрөөсөө хойш тодорхой эрхэлсэн ажилгүй байсан эхнэрт тэр их мөнгийг олж өгнө гэдэг амаргүй. Тийм ч учраас “Муу хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд яахав, бэрдээ туслаж чадах зүйл маань энэ л байна. Урлагийн салбараас тэтгэвэрт гарсан ч одоо хүртэл би урлагаа орхиогүй. Тэгээд ч өөрийн гэсэн тоглолтоо хийгээгүй байгаа учир одоо л хийж, орлогыг нь хүүгийнхээ гэр бүлд нь зарцуулмаар байна” хэмээн ярьж байсан юм. Өөрөөр хэлбэл тоглолтын орлого хүүгийнхээ өрийг төлөхөд зарцуулах юм. Төлөвлөсөн ёсоор тоглолт ч амжилттай сайхан болж, үзэгч олон сэтгэл хангалуун буцжээ. Мөн Улаанбаатар хотруу зорин очиж үзэж чадахгүй ч сэтгэл зүрхээрээ дэмжиж олон хүн тоглолтын билетийг худалдан авч хандив өргөжээ.
Д.Доржсүрэн нь Сүхбаатар аймгийн Жаахан шарга хөгжимт жүжгийн театр, хуучин Соёлын ордонд дуучин, хөгжмичнөөр ажиллаж байсан юм. Ажиллах хугацандаа Найруулагч УГЗ Л. Гомбосүрэнгийн удирлаган дор "Шаргын цуурай" хамтлагийг АЖ Ш.Чимэдциеэ, н.Батсүх нарын хамтаар байгуулж тухайн үедээ ид хүчээ авч аймаг орон нутагтаа төдийгүй бусад аймаг, улсын хэмжээнд үнэлэгдэх уран бүтээлүүдийг туурвиж байсан юм. Тийм ч учраас түүний "Үрсдээ зориулах дуун аялгуу" тоглолтыг УГЗ, Л.Гомбосүрэн найруулан тавьжээ. Тоглолтод МУГЖ Жарантав, Ард түмний гавьяат дуучин Сугар, Сүхбаатар нутгийн авьяастан болон БЗД-ийн уран бүтээлчид оролцсон байна .
Т. Одончимэг