НҮБ-ын шинэ тэргүүн гол албан тушаалуудад эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /TASS/. НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргаар /ЕНБД/ сонгогдсон Антонио Гутерриш тус байгууллагын хүйсийн эрх тэгш байдлыг сайжруулах хүчин чармайлтын хүрээнд гурван гол албан тушаалд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүллээ.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ажлаа албан ёсоор авах А.Гутерриш НҮБ-ын ЕНБД-ын орлогчийн албан тушаалд Нигери улсын Байгаль орчны сайд Амина Мохаммедыг нэр дэвшүүлсэн байна. А.Мохаммед нь НҮБ-ын одоогийн тэргүүн Бан Ги Мүний тусгай зөвлөх байсан бөгөөд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байсан юм.
Бразилын дипломатч Мария Луиза Рибейру Виотти-г НҮБ-ын албан хаагчид хариуцсан даргаар томилжээ. Тэрбээр 2007-2011 онд Бразилаас НҮБ-д суух Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
Тэгвэл Өмнөд Солонгосын дипломатч Кюн Ва Хан-ыг НҮБ-ын бодлогын тусгай зөвлөхөөр ажиллуулахаар шийдсэн байна. Тэрбээр НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан газрын даргын туслахаар ажилладаг байжээ.
Энэ долоо хоногийн даваа гарагт тангараг өргөснийхөө дараа А.Гутерриш “би шийдвэр гаргах түвшинд хүйсийн эрх тэгш байдлыг хангахад анхаарах болно” гэсэн юм.
Одоогоор НҮБ-ын удирдах түвшний албан тушаалтнуудын 20 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Хүйсийн эрх тэгш байдал болон эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь НҮБ-ын 2030 он гэхэд хүрэх тогтвортой хөгжлийн зорилтуудад багтсан байдаг юм.
Г.Доржханд