Нярайн эндэгдлийн 80 гаруй хувь нь дутуу төрсөн хүүхэд байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-22 11:49:56

Энэ онд Өмнөговь аймагт 0-5 насны хүүхдийн эндэгдэл 31 гарчээ. Үүнээс 0-28 хоногтой нярай хүүхэд 18 байгаа бөгөөд тэдний 80 хувь нь дутуу төрсөн хүүхэд байжээ.

Дутуу төрсөн нярайн хамгийн бага нь 700гр жинтэй байсан байна. ДЭМБ-аас дэлхий нийтэд мөрдөж байгаа журмын дагуу 500гр жинтэйгээс дээш төрөлтийг нярай гэж үздэг байна. Нярайн эндэгдлийг бууруулахад иргэдийн хариуцлага маш өндөр байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Жирэмсэн эхчүүд дутуу төрөхөөс урьдчилан сэргийлэх, ямар нэгэн зовиур илэрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй байгаа ажээ. Мөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхдээ бэлтгэж өөрийн эрүүл мэндэд сайтар анхаарах хэрэгтэй байгаа гэнэ.

"Хүүхдээ хөхөөрөө дарсан, тэмбүүтэй нярай төрсөн зэрэг иргэдийн өөрсдийнх нь хариуцлагагүйгээс болж нярайн эндэгдэл өсөхөд нөлөөж байна. Эндэгдэл бүрийг бид судалж юунаас болов гэдэг дээр хэлэлцдэг. Мөн эмч нартаа зөвлөмж хүргүүлж ажилладаг. Харин 1-5 насны хүүхдийн эндэгдлийн ихэнх нь эмчээс шалтгаалахгүй аваар ослын улмаас эндсэн байгаа" гэж Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Дэлгэрсайхан ярилаа.

Д.Мишигсүрэн

関連ニュース