Шашин шүтлэгийг ашиглан санал авахыг хориглолоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРШИНЭ-ДЕЛИ. /Reuters/. Энэтхэгийн Дээд шүүх шашин шүтлэг болон кастын тогтолцоог ашиглан санал авахыг улс төрийн хүчнүүдэд хориглосон байна. Ингэснээр Энэтхэгийн улс төрийн намууд удахгүй болох сонгуульд оролцохдоо стратегиа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ.
"Аливаа улс төрч хүн кастын тогтолцоог ашиглаж, шашны нэрийг барин санал авах ёсгүй. Сонгуулийн үйл явц шашнаас ангид байх ёстой" гэж Ерөнхий шүүгч Т.С. Такур мэдэгдэв.
Энэтхэгийн сонгууль албан ёсоор шашнаас ангид байдаг гэх боловч улс төрийн намууд санал авахын тулд шашин шүтлэг болон кастын тогтолцоог гол шалгуур үзүүлэлт болгон ашигладаг нь уламжлал болон тогтоод байна.
Энэтхэгийн хамгийн их хүн амтай Уттар Прадеш мужид сонгуулийн кампанит ажлын үеэр шашин шүтлэг болон кастын асуудал ихээхэн газар авдаг учраас тус мужид сонгууль болохоос хэдхэн долоо хоногийн өмнө Дээд шүүх ийм шийдвэр гаргасан байна. Энэ удаагийн сонгуулийн дүн Нарендра Модигийн хувьд асар ач холбогдолтой бөгөөд хэрвээ түүний нам ялалт байгуулбал тэрбээр 2019 он хүртэл Ерөнхий сайдаар улиран ажиллах юм.
Үүнээс гадна энэ онд Пенжаб, Уттаракханд, Гоа, Манипур зэрэг мужуудад сонгууль болно.
Д.Нямтулга