4000 орчим боодол өвс алдагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-11 12:10:39

Өнгөрсөн намар Сүхбаатар аймгийн Асгат, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдын газар нутагт гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хадланд гарч их хэмжээний өвс бэлтгэсэн. Харин тус компаниуд өвсөө харуул хамгаалалтгүй ил задгай орхисны улмаас малчид болоод хөдөө орон нутгийн иргэд өвсийг зөөж ашиглах, зарим тохиолдолд ашиг олох зорилгоор ачааны машинаар нь хүртэл ачиж яах тохиолдол гарч байна.

Одоогоор гурван компаниас нийт 4000 орчим боодол өвс алдагдсан гэсэн гомдол аймгийн Цагдаагийн газар / ЦГ /-т иржээ.

"Хүний өвсийг дур мэдэн авч явна гэдэг хулгайн гэмт хэрэг гэсэн үг. Өвсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг гаран ажиллаж байна. Хамгийн гол нь иргэд ил задгай эзэнгүй байгаа өвсийг дур мэдэн авахгүй байх, авсан өвсөө ашиглаагүй бол ажлын хэсэгт хүлээлгэн өгөх, эсвэл мөнгөн хэлбэрээр хохирлыг барагдуулах хэрэгтэй. Ингээгүйн улмаас өөрөө ч мэдэлгүй гэмт хэрэгт холбогдох магадлалтай" гэж ЦГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Г. Ганхуяг анхаарууллаа.

Цаашдаа Баруун-Урт сум болоод аймаг орон нутгийн удирдлагуудтай ярилцан дээр компаниудын татаагүй өвсийг хашаа хамгаалалтад авах талаар ярилцаж байгаа юм байна. 

Т. Одончимэг

関連ニュース