АИХ-ын депутатуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-13 18:35:53

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, аймгийн Угсаатны зүйн музейтэй хамтран АИХ-ын депутатуудын эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийн үзэсгэлэнг гарган олон нийтэд танилцууллаа.

Үндсэн хуулийн анхны ноорог Монгол Улсын Их Цааз, Их засаг хууль болон Үндсэн хууль батлах их хуралд хэлсэн үг, бичгээр өгсөн санал, БНМАУ-ын АИХ-ын депутатын тэмдэглэлийн дэвтэр, Бага хурлын гишүүний албан бланк, АИХ-ын депутатын тэмдэг, Засгийн газрын ордны хурлын танхимд нэвтрэх тасалбар, зочид буудлын тасалбар, түүхэн ховор гэрэл зураг гээд ховор нандин эд зүйлсийг дэлгэн харуулжээ. Түүнчлэн депутатуудын эдэлж хэрэглэж байсан цүнх, цаг, үзэг зэрэг ховор үзмэрийг дэлгэжээ.

“Цаашид Угсаатны зүйн музей аймгаас сонгогдсон нийт АИХ-ын депутатуудын нэрэмжит булан, танхимыг байгуулан ажиллах талаар ярилцаж байгаа. Энэ удаагийн үзэсгэлэнд  байгаа зүйлсүүд бол бүгд эзэнтэй, иргэдийн гар дээрээс авсан зүйл байгаа. Бид нэг сарын дараа эздэд нь буцаан өгнө. Хэрвээ депутатууд болоод тэдний гэр бүл, үр хүүхдүүд нь хүсвэл эдгээр эд зүйлсийг байнгын үзмэр болгон, музейдээ хадгалах  боломжтой. ..” хэмээн аймгийн Угсаатны зүйн музейн Эрдэм шинжилгээний ажилтан О. Гандиймаа ярьж байна.

Үзэсгэлэнд Сүхбаатар  аймгаас сонгогдсон долоон депутатын 300 орчим эд зүйлс дэлгэгдсэн юм.

Т. Одончимэг

 

関連ニュース