ТТГ-ын захирлаар Майк Помпеог томилохыг Сенат дэмжлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /АР/. Майк Помпео-г Тагнуулын төв газрын /ТТГ/ захирлаар томилохыг АНУ-ын Сенатын танхимын гишүүд дэмжлээ.
Канзас муж улсаас сонгогдсон, Бүгд Найрамдах намын гишүүн Майк Помпеог өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Виржиния муж улсын Лэнгли хот дахь ТТГ-ын төв байранд үг хэлэх үеэрээ Ерөнхийлөгч Дональд Трамп магтан сайшааж байсан юм. Д.Трамп хэлэхдээ “засгийн газрын өндөр дээд албан тушаалуудад би хүмүүсийг нэр дэвшүүлэхдээ 8-9 хүний нэрсийг эхний ээлжинд жагсаагаад, тэднээс тухайн албан тушаалд тохирох цорын ганц нэр дэвшигчийг сонгодог. Помпеог ТТГ-ын захирлын албан тушаалыг хашиж чадах цорын ганц хүн гэж би үзсэн” гэсэн байна.
ТТГ-ын захирлын албан тушаалын томилгоог Сенат баталсан нь Америкийн парламент улс төрийн асуудлаас илүүтэйгээр үндэсний аюулгүй байдлын асуудлыг чухалчилж байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна.
ТТГ бол АНУ-ын тагнуулын чиглэлээр ажиллагаа явуулдаг 17 агентлагийн нэг юм. Энэ агентлаг нь гадаад улс орнуудын талаарх мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх үүрэгтэй.
Г.Доржханд